Улсын их хурлын тухай хуулийн 27.10-т “Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг цөөнхийн бүлгийн гишүүдээс, хэрэв цөөнхийн бүлэг байгуулах гишүүдийн тоо хүрэхээргүй бол цөөнхийн гишүүдээс сонгоно” хэмээн заасан байдаг. Өнгөрсөн баасан гарагт болсон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгээс гишүүн Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлснийг олонхын саналаар дэмжжээ. Энэ удаагийн парламентад таван нам төлөөлөлтэй болсноос МАН, АН, ХҮН намынхан Засгийн газрыг хамтарч байгуулсан. Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, найман сайдын суудал авсан намыг УИХ дахь цөөнх гэж үзэх үндэслэлгүй. Харин тус бүр дөрвөн гишүүнтэй Үндэсний эвсэл, ИЗНН-ынхан цөөнхийн үүргийг гүйцэтгэж буй. Эдгээр нам, эвсэл парламентад бүлэг байгуулах хэмжээний төлөөлөлтэй биш ч дээрх хуулийн заалтын дагуу цөөнхийн гишүүд болно. Гэвч яагаад ч юм цөөнхөд ногддог дэд хорооны даргын албан тушаалд АН-ын гишүүнийг нэр дэвшүүлэн сонгосон байна. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нь 2007 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг санхүүч мэргэжлээр төгссөн. Тэрбээр 2007-2012 онд “Голомт” банканд эдийн засагч, 2012-2015 онд тус банкны Баянхонгор салбарын захирал, 2016-2020 онд Хөгжлийн банканд хэлтсийн, 2021-2023 онд “Хаан” банкны Салбарын удирдлагын газрын, 2024 оноос Хадгаламжийн даатгалын корпорацын газрын захирлаар тус тус ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогджээ.