Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгууль болоход 55 хоног үлдэж байна. Уг сонгуульд оролцох нам, эвслүүд энэ сарын 27-ноос ирэх сарын 2-ны хооронд нэр дэвшигчдээ тодруулах юм. Засгийн газарт хамтарсан МАН, АН, ХҮН намынхан уг сонгуульд тус тусдаа оролцохоо мэдэгдсэн. Монголын хоёр том намд нэр дэвшигч олдохгүй байхын зовлон үгүй. ХҮН намынхан ч боловсон хүчний гайгүй нөөцтэй, УИХ-ын сонгуулиар бүрэн ирцээр буюу 126 хүн сойсон билээ. Харин гуравдагч хүчний бусад намын хувьд энэ нь үргэлж тулгамдсан асуудал байсаар ирсэн.
Мөн УИХ-ынхаас ялгаатай нь орон нут гийн сонгууль хуучин тогтолцоогоор буюу мажоритар системээр болно. Учир нь өмнөх парламентын гишүүд энэ хуу лийг өөрчилж “амжаагүй”, УИХ-ын сонгуулийн тухай хуульд оруулсан зарим дэвшилт заалтаа оруулаагүй юм. Тиймээс орон нутгийн хэмжээнд хууль, эрх зүйн орчин хуучнаараа байх нь.
“ЧИ МАНАЙ НАМААС НЭР ДЭВШЭЭЧ”
УИХ-ын ч, орон нутгийн ч сонгуулийн үеэр жижиг намынхан ийм саналыг арай дөнгүүр боловсрол, мэдлэгтэй, “байж болох” хүмүүст тавьсаар ирсэн. Парламентын сонгуулийг холимог тогтолцоогоор, том тойргоор зохион байгуулсан учраас том, жижиггүй намууд олны танил улс төрч, урлаг, спортынхонд хандаж байсан юм даг. Энэ удаа мандат, тойргийн зарчим нь хуучнаараа. Аймгийн хэмжээнд нийт 558 тойрогт 745 мандаттай. Сумдад 1635 тойрогт 6925 төлөөлөгч сонгох нь. Харин нийслэлийн ИТХ-ын сонгуульд 12 тойргоос 45 төлөөлөгч сонгох юм. Есөн дүүргийн тухайд 184 тойрогт 313 мандаттай байх аж. Нэгдсэн дүнгээр нь авч үзвэл улсын хэмжээнд 2389 тойрогт 8028 төлөөлөгч сонгоно гэсэн үг. УИХ-ын сонгуулиар 126 нэр дэвшигч олох гэж зүдэрч байсан жижиг намуудад орон нутагт 100 хувийн ирцээр нэр дэвшүүлнэ гэдэг нь боломжгүй. Тиймээс тэд тодорхой хэдэн аймаг, сум болон нийслэлд л хүчээ зарцуулдаг жишиг бий. “Бид нийслэлийн ИТХ-д бүрэн ирцээр нэр дэвшүүлнэ, гайгүй хүн байвал холбоод өгөөрэй”. Ийм хүсэлтийг нэгэн намын дарга тавина лээ. Зөвхөн “наймаа” хийх зорилгоор сонгуульд оролцож, санал хуваадаг “арилжааны” намуудын дэргэд эрэлд хатаж, голж шилж, гуйж түүж байж нэр дэвшигчдээ бүрдүүлээд ч болов улс төрийн хүчин байгуулсныхаа хэргийг гаргаж буй нь авууштай. Ер нь орон нутгийн сонгуульд нэр дэвших шалгуур, шаардлага ямар байдаг вэ гэсэн асуулт эндээс гарна. УИХ-ын сонгуульд насны босгыг 25 гэж заасан байдаг. Харин орон нутгийн сонгуульд 18 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, Монгол Улсын иргэн хэн ч нэр дэвших боломжтой. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ бол иргэдийн амьдралын өдөр тутмын асуудлыг шийддэг өөрөө удирдах байгууллага. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагч ч нэр дэвшиж болох нь байна. Ахуйн асуудлаа мэддэг, ажил хийх сэтгэлтэй байх нь наснаас илүү чухал шүү дээ. Үүнээс гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон өр, зээлгүй, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх шаардлага тавьдаг. Мөн орон нутгийн сонгуульд нэр дэвших гэж буй бол төрийн жинхэнэ албан хаагч, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан зэрэг тодорхой ажлаасаа энэ сарын 1-ний дотор чөлөөлөгдсөн байх ёстой. Мэдээж гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлэн эдэлж байгаа, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бол нэр дэвших эрхгүй. Түүнчлэн хамрах хүрээний хувьд парламентаас бага нэгж учраас бие даан нэр дэвшигчдийн цуглуулах гарын үсгийн тоо цөөн юм билээ. Сумын иргэдийн хуралд нэр дэвших бол 51-ээс доошгүй хүний гарын үсэг байхад болох гэнэ. Аймаг, дүүргийн шатанд 201, нийслэлийн ИТХ-д бол 501 гэжээ.
НИЙСЛЭЛД ТӨВЛӨРӨХ ӨРСӨЛДӨӨН
Хэдийгээр өмнөх жилүүдтэй харьцуулахад орон нутгийн сонгуульд оролцох намуудын тоо нэмэгдэж буй ч тэдний ихэнх нь нийслэл, дүүргийн ИТХ-ыг “онилсон” байдаг. Хүн ам төвлөрсөн нийслэл хотод өрсөлдөхөд сонгуулийн зардал ч хөдөөд өрсөлдсөнөөс бага гарах биз. Тиймээс нийслэлийн ИТХ-ын сонгууль үргэлж анхаарлын төвд байсаар иржээ. Эндээс хотын даргыг томилно. Хэн хотын дарга байхаас нийслэлийн сая гаруй хүн амын амьдрал хамаарна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сон гуулийн тухай хуулийг анх 1996 онд баталсан аж. Ингэж олон намын тогтолцоо бүхий олон мандаттай, ардчилсан сонгуулийн тухай бие даасан хуультай болсон юм билээ. Үүний дагуу нийслэлийн ИТХ 2008 он хүртэл 40 төлөөлөгчтэй байжээ. Улмаар 1996 оны сонгуульд гурван нам, нэг эвслээс 129, бие даагч дөрвөн хүн өрсөлдсөн байна. Тухайн үеийн МАХН болон МУНН, МНН, МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл оролцсоноос 40 суудлын 23-т нь одоогийн МАН ялсан түүхтэй. 2000 оны сонгуулиар оролцогч намын тоо хоёр дахин нэмэгджээ. БНН, ИЗН зэрэг нам орон нутгийн сонгуульд анх удаа оролцсон байна. Уг сонгуульд МАН, Ардчилсан холбоо эвсэл бүрэн ирцээр нэр дэвшүүлэв. Эх орон Монголын ардчилсан шинэ социалист намаас 38, ИЗНН 14, БНН долоон хүн сойсон аж. Харин 2008 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчийн мандатын тоог таваар нэмж, 45 болгожээ. Ингээд 15 тойрогт долоон намаас болон бие дааж 165 хүн өрсөлдөв. МУНН-аас 11, Эх орон болон ИЗНН-аас тус бүр гурав, МНН-ынхан 18, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас ганц хүн нэрээ дэвшүүлжээ. Нийт 42 хүн бие даасан байх нь. Харин 2012 оны орон нутгийн сонгуулийг УИХ ынхтай хамт, холимог тогтолцоогоор зохион байгуулсан юм. Уг сонгуульд есөн нам, хоёр эвсэл оролцжээ. Улмаар анх удаа АН олонх болсон байдаг. 2020 оны орон нутгийн сонгуульд 11 нам, нэг эвсэл оролцож, 34-ийг МАН, наймыг АН, гурвыг нь ХҮН нам авсан. Дээрх статистикаас аль ч шатны сонгуульд зөвхөн МАН, АН бүрэн ирцээр нэр дэвшүүлж, бусад нь аль чадлаараа л оролцсоор ирснийг харж болно. Мөн оролцох намуудын тоо ч сонгуулийн цикл бүрд нэмэгдсэн байна. Энэ удаагийн нийслэлийн ИТХ-ын сонгуульд 15 нам, нэг эвсэл өрсөлдөхөөр хүсэлтээ хүргүүлчхээд байна. Орон нутгийн сонгуулийн түүхэн дэх хамгийн олон нам гэсэн үг. Оролцох намын тоо нэмэгдэхийн хэрээр нийслэлийн ИТХ-д өрсөлдөгчдийн тоо өснө. Тэгэхээр орон нутгийн сонгуулийн гол өрсөлдөөн нийслэлд өрнөхөөр харагдаж буй юм.
“ГОЛОГДОГСОД” НИЙСЛЭЛ РҮҮ ОЧИХ УУ
Хууль тогтоох дээд байгууллагад шууд орчихсон зарим гишүүн учраа олохгүй будилж явна. Өчигдөр УИХ-ын ээлжит чуулган эхэлсэн. Анхдугаар чуулганаар ганц хоёр удаа хурал даж үзсэн, товчлуураа ч бүрэн дарж сураагүй гишүүд будилсаар байгаа нь харагдав. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал бүрээр дэмжиж буй, үгүйг нь тодруулах санал хураах үед М.Нарантуяа-Нара тэргүүтэй зарим “шинэков” эсрэг санал дарсан харагдсан. Тэгээд “Би уг нь дэмжсэн” гэсэн гомдол мэдүүлэхэд УИХ-ын дарга “Товчлуураа зөв дарж сур, даралтыг нь тааруулах хэрэгтэй” хэмээн зөвлөнө лээ. Парламент бол дамжаа бус, тиймээс энэ мэтээр будилахгүйн тулд шат шатны өөрөө удирдах байгууллагад ажиллаж, бэлтгэгдсэн хүмүүсийг парламентад сонгодог баймаар. Азтай зарим нь ийнхүү төрийн өндөр сэнтийд шууд заларсан бол тэдний адил их санаалж, орон нутгийн биш, УИХ-ын сонгуульд хүч үзсэн олон хүн тойргийн гадна үлдсэн. Тэднээс цөөнгүй нь орон нутгийн сонгуулиар эргэн ирэхээр төлөвлөж буй сурагтай. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны үеэр унаган зангаа харуулж, нийгмийн сүлжээнд шүүмжлүүлээд авсан, “Jet scooter”-ийг үүсгэн байгуулагч Г.Дашням нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших гэнэ. Тэрбээр УИХ-ын сонгуулиар Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт МАН-аас нэр дэвшээд гарч чадаагүй юм. “Сайн лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр одоо нэг шат доошилж өрсөлдөх гэж буй бололтой. Аль намаас хэн хэн нэр дэвших, хэд нь парламентын сонгуулиас “гологдож” үлдсэн хүн байх нь ирэх өдрүүдэд илүү тодорхой болох биз ээ. Ямартай ч орон нутгийн сонгуулийн сунгаа эхэлж, намууд дотооддоо нэр дэвшигчдээтодруулах ажил үргэлжилж байна.