“Парис-2024” наадмын хаалтын ёслолын үеэр таван цагаригт олимпын далбааг дараагийн олимп болох АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хот руу буухиалсан билээ. Нэрт жүжигчин Том Крузмотоцикл, онгоц, шүхрээр, газраар, тэнгэрээр дүүлж, тэнгис, далайг гатлан Лос-Анжелестхүрч, уг хотын бэлгэдэл болсон “Hollywood” бичиг дээр олимпын таван цагаргийг нэмэхийг та бид телевизээр харсан. Энэ цаг үеэс эхлэн “Лос-Анжелес-2028” зуны олимпын 34 дүгээр наадмын цаг тоолол эхэлсэн гэхэд болно.
Алдарт “Hollywood” хэмээх бичээс олимпын таван цагаригтай болохыг зурагтаар харсан жуулчид төдийгүй орон нутгийн иргэд энэ тухай ихэд шуугьж, зургаа авхуулах талаар төлөвлөж эхэлжээ. Харамсалтай нь, “Hollywood” тэмдэгт ямар ч өөрчлөлт байсангүй. Энэ нь зөвхөн “Парис-2024” олимпын хаалтын ёслолын ажиллагаанд зориулсан дижитал хувилбар байжээ. Урам нь хугарсан олон мянган хүн “Hollywood” бичиглэлийг үнэхээр таван цагаригтай болгохыг “Лос-Анжелес-2028”-ыг зохион байгуулагчдаас шаардаж эхэлсэн байна.
Ташрамд сонирхуулахад, “Hollywood” тэмдэглэгээг 1923 онд зар сурталчилгааны зориулалтаар анх байрлуулжээ. Анхандаа “Hollywood¬land” гэсэн үг байж. 1949 онд land гэсэн сүүлийн дөрвөн үсгийг хассан байна. Одоогийн үсгүүдийн өндөр нь 13.7 метр. Үсгүүдийг онцгой үйл явдалд зориулан “HOLLYWeeD”, “Оllywood”, “Oil war” гэх мэтээр нэг бус удаа түр өөрчилж байсан гэнэ.
Бэлтгэсэн Ц.Энхтүвшин