“Даншиг наадам-Хүрээ цам”-ын зохион байгуулалтын талаар нийслэлийн Аялал жуулчлалын газраас өчигдөр мэдээллээ. Уг наадмыг ирэх сарын 3-4-нд Хүй долоон худагт зохион байгуулна. Энэ удаагийн наадмын хөтөлбөрийг жуулчдад зориулж, сонирхолтой, хүртээмжтэй байдлаар боловсруулсан гэнэ. Жил бүр эл наадмыг 2000- 3000 жуулчин үзэж сонирхдог аж.
Даншиг наадмаар их нас, соёолон насны морьд уралдуулах нь. Энэ зун олон сумын ойн баяр тохиосон. Тэдгээр наадамд уралдсан бага насны хүлгүүдийг энэ удаагийн наадамд уралдуулахгүй байхаар шийджээ. Мөн морьдыг улсын баяр наадмынхтай адил зайнаас уралдуулах төлөвлөгөөтэй байж. Гэсэн ч давхар уяа буюу олон наадамд ойрхон уралдсаныг нь тооцож, их насны морьдын уралдааны замаас л гэхэд дөрвөн км-ийг хасжээ.
Наадмын үеэр монгол үндэсний таван тансаг идээний үзэсгэлэн, үндэсний хувцасны үзүүлбэр, жижиг, дунд үйлдвэрлэлийн үзэсгэлэн, худалдаа зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буйг зохион байгуулагчид хэллээ.
Бөхийн барилдаанд оролцогчдыг өнөөдрөөс эхлэн маргаашийг дуустал devjee.mn цахим хаягаар бүртгэх нь. Монгол үндэсний 256, Буриадын 64, Өвөр Монголын 64 бөх даншгаар зодоглох аж. Мөн наадмын талбайн голд бөмбөрцөг хэлбэрийн тайз засаж байгаа гэнэ. Үүнд дүүргүүдийн соёлын өдөрлөгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн