Улаанбаатар хотоос орон нутгийн чиглэлд гарах зорчигч тээврийн бүх автобусыг өчигдрийн 13.00 цагаас эхлэн хоёр өдрийн турш “Драгон” авто буудлаас явуулахаар болсныг Авто тээврийн үндэсний төв (АТҮТ)-өөс мэдээлэв. Учир нь “Номин” авто буудлын өмнөх замын хөдөлгөөнийг хааж, засаж буй аж. Үүнтэй холбоотойгоор тус авто буудлаас явуулж байсан автобуснуудыг түр хугацаанд “Драгон” руу шилжүүлэх зохицуулалт хийжээ.
Тодруулбал, Архангай чиглэлийн автобус 14.00, 19.00, Баянхонгорынх 14.00, 20.00, Баян- Өлгийнх нь 13.00 цагт “Драгон”-оос хөдөлнө. Мөн Говь-Алтай чиглэлийн автобус 15.00, Завханых 16.00, 18.00, Өвөрхангайнх 14.00, 18.00, Увсынх 15.00, 17.00 цагт хөдлөх нь. Ховд аймгийн чиглэлд явах автобус 13.00, 16.00 цагуудад “Драгон”-оос хөдлөх хуваарьтай аж.
Маргаашийн 06.00 цаг хүртэл зам засварын ажил үргэлжилнэ. Үүний дараа дээрх чиглэлийн автобуснууд өмнөх хуваарийн дагуу “Номин” авто буудлаас иргэдэд үйлчлэх гэнэ.
Бэлтгэсэн Ц.Анударь