Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Хүй долоон худагт наймдугаар сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулна.
НИТХ, НЗДТГ, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг наадмыг үзэхээр одоогоор 2000 гаруй жуулчин захиалга өгчээ. “Даншиг наадам-Хүрээ цам 2024”-ын үеэр хязаалан, их насны морьдын уралдаан, цам харайх, мандал өргөх ёслол болж, урлагийн тоглолт, морьдын үзүүлбэр үзүүлнэ. Мөн, балин, тосон урлалын, унзад, голч лам нарын болон номын мэтгэлцээний тэмцээнээс гадна үндэсний, Буриад, Өвөрмонгол бөхийн барилдаан, үндэсний хувцасны үзүүлбэр, үндэсний сур харваа, уухай шагайн харвааны тойром, морьт харваа, морьтон баатрын үзүүлбэр, сээр цохих тэмцээн зохион байгуулах юм.