Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласан төдийгүй Засгийн газрын 2023 оны 394 дүгээр тогтоолоор монгол бичиг, соёлын түүхэнд холбогдох "Чингисийн чулууны бичиг"-ийн 800 жил, Цогт хунтайжийн бичээс буюу "Дуутын хар чулууны бичээс"-ийн 400 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр баталсан.
Энэхүү ажлын хүрээнд монгол бичиг, соёлоороо бахархах, монгол судлалыг дэмжих, бичиг соёлын өвийг хадгалж, хамгаалах зорилготойгоор "Монголчуудын бичгийн соёл: Чингисийн чулууны бичиг-800, Цогтын хадны бичиг-400" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Чингис хаан Үндэсний музейн их танхимд зохион байгууллаа.
Хурлыг Соёлын яам, Чингис хаан Үндэсний музей, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон Түүх, угсаатны зүйн хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын хэл зохиол болоод түүх угсаатны судлалын 20 гаруй эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүллээ.
Чингисийн чулууны бичиг-800 салбар хуралдаанаар Чингисийн чулууны бичиг туурвигдсан цаг үе болоод олдсон түүхэн газар нутаг, тус бичээсний үг нэг бүрийг тайлбарласан тайлбар, түүхэн үндсийг Монголын нууц товчооноос сурвалжилсан мөн эртний хөшөө дурсгалыг хэрхэн цахимжуулах талаар илтгэлүүд хэлэлцэгдэв.
Цогтын хадны бичиг-400 салбар хуралдаанаар Халхын Цогт хунтайжийн шүлгийн хам сэдвийн асуудал, дуутын хадны дурсгалын хэл зүй, бичлэг зүйн онцлог шинж, Цогт хунтайжийн бичээснүүдийг харьцуулсан болон дуутын хадны бичиг соёлын дурсгалыг виртуал технологид тулгуурлан бүтээсэн талаар сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүллээ.