УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, уриалга гаргасан талаараа мэдээлэв. Уриалгад “Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд авлига, хээл хахуулийг газар авхуулсан, эдийн засаг, нийгмийн хөгжлийг доройтуулсан буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд ардчиллын ололт, амжилтыг үгүйсгэх, АН-ыг харлуулах, ардчилагчдыг гүтгэн доромжлох, нэр хүндийг нь гутаахад чиглэсэн суртал ухуулгаа улам эрчимжүүлж байна. Ардчилал, хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүхэлдээ намаг балчигт шигдсэн энэ аюулын ирмэгээс улс эх орноо татан гаргаж, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ итгэлийг эргүүлэн авчрах үүрэг АН-ын гишүүд бидэнд ногдож байна. Ийм хариуцлагатай сонгуульд үе үеийн парламентад сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай, иргэд, сонгогчдод илүү танигдсан ардчиллын манлайлагчид АН-аас сонгуулийн тойрогт нэрээ дэвшүүлж өрсөлдөхийг уриалж байна” хэмээн онцолжээ.
Түүнчлэн гишүүн Н.Ганибал эрх баригчдын мал аж ахуйн талаар баримталж буй бодлогыг шүүмжилж, “Шинэ хоршоо” хөдөлгөөн иргэд, малчдад буруу ойлголт төрүүлж байна гэв. Мөн гишүүн Д.Ганбат сонгуулиас өмнө тооцоо, судалгаагүй олон хуулийг яаран баталж байгааг эсэргүүцсэн бол цөөнхийн бүлгийн дарга О.Цогтгэрэл “Эрх баригчид цар тахлын үеийн төсвийн зарцуулалт, ногоон автобусны хэрэгтэй холбоотой сонсголыг яаралтай зохион байгуулахын оронд хойшлуулж, өөрсдийнхөө эрх ямбыг нэмсэн хууль, тогтоолыг олноор нь баталж байна. Ирэх сард болох сонгуулиас хойш амьдрал үргэлжлэхгүй юм шиг аашлах боллоо” хэмээн МАН-ынхныг буруутгалаа.
Энэ өдөр УИХ дахь олонхын бүлгийнхэн ээлжит хуралдаанаа товлосон ч хийсэнгүй.