Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх, дулааны улирлаас өмнө малын сэг зэм устгах, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж БОАЖЯ-ны харьяа газруудаар дамжуулж “ХАМЖИХГҮЙ бол АМЖИХГҮЙ” аяныг өрнүүлж байна. Уг арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, сумдын Засаг даргын тамгын газар, иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Улсын хэмжээнд 5,9 сая мал хорогджээ. Тухайлбал, Төв аймгийн өндөр ширээт суманд 54000 мал хорогдсон байна . Тус сум 2023 онд 217000 толгой мал тоолуулсан ба үүнээс 54000 мал хорогдож, 11 цэгт малын сэг зэмийг устгах, халдваргүйжүүлэлт хийх ажлыг хийж байна. Өнөөдрийн байдлаар 20000 орчим малын сэг зэмийг устгалд оруулжээ.