Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027" баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд өнөөдөр боллоо. Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра “Монгол Улсын тогтвортой хөгжил, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хэрэгжилт, гарч буй үр дүнг танилцуулсан.
НҮБ-ын системийн 23 байгууллага хамтран 2023 онд нийт 51.5 сая ам.долларын хөрөнгийг татан төвлөрүүлж, үүнээс 44.8 сая ам.долларыг зарцуулж, 158 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Нийт зарцуулалт 87 хувьтай гарсан байна. Үүнээс 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд зарцуулжээ.
Монгол Улс дахь НҮБ-ын байгууллагууд 2023 онд 51.5 сая ам.долларыг татан төвлөрүүлснээс:
- 23.4 саяыг хоёр талт хамтын ажиллагааны донор буюу хандивлагч байгууллагууд,
- 10.1 саяыг НҮБ-ын өөрийн хөрөнгөөс,
- 8.9 саяыг олон улсын сангууд,
- 4.1 сая ам.долларыг олон улсын санхүүгийн байгууллагууд,
- 3.6 саяыг олон улсын ТББ-ууд,
- 0.5 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газар,
- 0.4 саяыг хувийн хэвшил тус тус гарган санхүүжүүлжээ.
Үүнээс хамгийн их буюу 11.3 сая ам.долларыг эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт зарцуулжээ. Төсөл, хөтөлбөрийн хүрээнд Хүүхэл хамгаалах хуулийг батлуулж хэрэгжүүлж, мөн 10 аймагт Хүүхэд хамгаалах хөгжлийн төв байгуулаад байна. Боловсролын салбарт эко сургалт, ногоон хөгжлийг дэмжихэд ЮНЕСКО-гийн шинэчлэлийг хийжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээрийг хамгаалах үйл ажиллагааны дүнд нийт 49 000 гаруй газрын бэлчээрийг нөхөн сэргээж, 82 000 га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлсэн байна.