Канадын Торонто хотноо үргэлжилж буй PDAC 2024 чуулганд манай улс хариуцлагатай уул уурхайг бүх талаар дэмжиж, найдвартай, тогтвортой түншлэгч байхаа илэрхийлсэн. Мөн төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд хөрөнгө оруулагчидтай харилцан үр ашигтай хамтран ажиллах боломж, нөхцөлийн талаар илтгэл, мэдээлэл танилцуулж, хэрэгжүүлж буй хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүдийн талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Чуулганы эхний өдөр "Монголын өдөр" хөрөнгө оруулагчдын форумыг хоёр дахь жилдээ зохион байгуулж, олон улсын хөрөнгө оруулагчдад салбарт баримталж буй бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийн талаар мэдээллээ. Манай улсын хувьд ашигт малтмалын потенциал ихтэй, оролцогч компаниуд өөрсдийн төслүүдээ хөрөнгө оруулагчдад танилцуулж, салбарын чиг хандлага, зах зээлийн боломж, орчин үеийн дэвшилтэт технологийн талаар туршлага судалж, хөрөнгө оруулалтын боломжуудыг эрэлхийлж буй.
Энэ жилийн чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, "Оюутолгой" компани, Эрдэнэс Монгол нэгдэл, Эрдэнэт үйлдвэр, Бадрах Энержи, Эрдэнэс Оюу Толгой, Степ Голд, Занаду Майнз тэргүүтэй төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна. PDAC 2024 чуулганы эхний өдрийн гол ажил болох үзэсгэлэнгийн талбайгаа нээжээ.
Уул уурхай, ашигт малтмалын хайгуулын салбарын хамгийн том арга хэмжээ PDAC чуулган Канадын Торонто хотноо гуравдугаар сарын 3-6-ны өдрүүдэд үргэлжилнэ. Энэхүү чуулганд дэлхийн 130 орны 400 гаруй компанийн төлөөлөл оролцож байна.