Улсын Их Хурлын чуулганы 2023 оны долдугаар сарын 7-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хууль батлагдаж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Процессын дахин инженерчлэлийн хүрээнд даатгуулагч иргэдэд үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх зорилгоор нийгмийн даатгалын үйлчилгээ авахад бүрдүүлэх баримт бичгийг цахимаар бүрдүүлж болохоор, мөн нийгмийн даатгалын байгууллага өөрт байгаа мэдээллийг иргэдээс шаардахгүй байхаар холбогдон гарсан бүх журамд тусгасан. Батлагдсан журамд өмнө нь 7 хүртэл материал шаарддаг байсныг цөөлж 2-3 баримт бичгийг цаасаар, эсхүл цахимаар ирүүлж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэн.
Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд хүүхэд, гэр бүлтэй холбоотой хэд хэдэн заалтыг тусгасан. Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой иргэний болон хүүхэд, гэр бүлийн мэдээллийг холбогдох байгууллагатай цахимаар шуурхай солилцох шаардлагатай байна. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох агентлагийн ажилтнуудын хамтарсан уулзалтыг зохион байгуулж, цаашид Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.