НҮБ-ын Ерөнхий ассамблей энэ оныг Олон улсын тэмээн овогтын жил хэмээн зарлажээ. Тэмээн овогт амьтад нь 90 гаруй улс орны олон сая өрхийн амьжиргааны тулгуур, соёлын салшгүй хэсэг болдог тул ийнхүү онцлохоор шийдвэрлэсэн байна. Үүний хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Олон улсын тэмээн овогтын жилийн нээлтийн арга хэмжээг өнөөдөр манай улсад зохион байгуулна. Арга хэмжээний үеэр “Тэмээний салбарын хөгжлийн боломж” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Мөн тэмээний ноосоор бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн бичил үзэсгэлэн, загварын үзүүлбэр толилуулах нь. Түүнчлэн тэмээний нийгэм, эдийн засгийн ач холбогдол, тэмээчдийн аж амьдрал, ингэний сүүний талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхээр энэ онд олон ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө дээрх байгууллагынхан мэдээлэв.
Ташрамд дурдахад, бидний мэдэх хос бөхтөөс гадна ганц бөхт, альпака, гуанако, лам гөрөөс, викунья зэрэг амьтан нь тэмээн овогт багтдаг аж. Хос бөхт тэмээний 30 гаруй хувь нь Монгол Улсын нутагт байдаг. Ингэний сүү нь олон аминдэмийн агууламжтай, сүрьеэ, шар өвчин, харшил, чихрийн шижин, астма зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тустай талаарх судалгаа байдаг гэнэ.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн