Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн барьж, парламентаас 2021 оны арванхоёрдугаар сарын 30-нд баталсан юм. Уг бодлогод боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, төрийн бүтээмж, хот, хөдөө болон ногоон хөгжлийн сэргэлт гэсэн зургаан багц асуудлыг багтаажээ. Эдгээрийг шийдсэнээр эдийн засгийг сууриар нь тэлж, улсын хөгжлийн чөдөр тушаа арилна хэмээн төлөвлөж буй. Мөн цаг алдалгүй шийдвэрлэх, хөгжлийн 20 төслийн жагсаалт гаргасан билээ. “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлээд хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд ямар ахиц, өөрчлөлт гарсан бол.
Боомтын сэргэлт: Монгол Улс далайд гарцгүй орон учраас боомтуудыг авто, төмөр, хурдны замаар холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай. Уг зорилгын хүрээнд Ерөнхий сайд өнгөрсөн оны зургаадугаар сард БНХАУ-д айлчилж, Гашуунсухайт-Ганцмодны боомтын төмөр замыг холбох ажлыг 2024 онд багтаан дуусгахаар тохиролцсон. Үүний дагуу бэлтгэл ажлууд өрнөж буй. Цаашид Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах юм билээ.
Мөн 2023 онд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр ГЕГ, хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл хэрэгжүүлж, гаалийн автоматжуулсан мэдээллийн систем буюу CAIS-ийг өргөтгөн шинэчилж, үйлчилгээг нь бүрэн цахимжуулав. Ингэснээр gaali.mn цахим системээр дамжуулан иргэд байгаа газраасаа экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнээ мэдүүлэх, татвар тооцоогоо хийх, барааны байршлаа шалгах боломж бүрдүүлсэн байна.
Эрчим хүчний сэргэлт: Бие даасан байдал, эдийн засгийн тусгаар тогтнолын нэгэн багана нь эрчим хүчний хангамж. Тиймээс Зүүн хойд Азийн супер сүлжээнд холбогдож, хоёр хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих зорилт дэвшүүлсэн. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдээ түлхүү ашиглах бодлогыг Засгийн газар баримталж байгаа аж. Улмаар 90 МВт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихаар гэрээгээ хийгээд байна. Уг станцыг ашиглалтад оруулснаар баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангаж, төвийн бүсийн эрчим хүчний системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх нь. Станцын ажлыг энэ онд дуусгахаар төлөвлөжээ.
Аж үйлдвэржилтийн сэргэлт: Үүний хүрээнд хэд хэдэн үйлдвэр барих ажил өрнөж байгаа. Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг энэ оны зургаадугаар сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд БНХАУ-д айлчлах үеэрээ гангийн үйлдвэр байгуулах ажилд хамтрахаар тохиролцсон.
Ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөх морь” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөө Ерөнхий сайд зарласан. Мөн хотын төвлөрлийг сааруулахын тулд хөдөөг хөгжүүлэх, энэ зорилгоор орон нутагт ажиллах төрийн албан хаагчид болон багш нарт бүс нутгийн нэмэгдэл олгох зохицуулалтыг энэ оны төсөвт тусгаж, Боловсролын тухай багц хуульд тодорхой заалтууд оруулаад байна. Аливаа томоохон бүтээн байгуулалтын ажилд цаг хугацаа, хөрөнгө шаардагдах нь мэдээж. Төлөвлөсөн, эхлүүлсэн ажлуудын үр дүнг бид удахгүй харах биз ээ.