Монголын хөл бөмбөгийн холбоонд маргааш “Алтан бөмбөг-2023” ёслолын ажиллагаа болно. Тус ёслолын оны шилдгүүдийг шалгаруулах төрөлд ямар клуб, тамирчин, дасгалжуулагч, легионер хамгийн олон санал авч, нэр дэвшсэнийг танилцуулъя. “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-д “Дэрэн”- гээс О.Мөнх-Оргил, “Улаанбаатар”- аас Г.Бат-Оргил, Словак улсын II лигийн “Комарно” клубийн легионер, үндэсний шигшээ багийн довтлогч Г.Ганбаяр нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн жил оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчөөр Г.Ганбаяр шалгарч байв. Энэ удаа эмэгтэйчүүдээс М.Халиут(“Хараацай”), О.Цасан-Охин (“Баянзүрх спортинг илч”), Ө.Бадамхатан (“Хараацай”) нэр дэвшлээ.
Тэгвэл “Оны шилдэг гоол”-д Э.Анхтуяа(АХБХ-ны 20 хүртэлх насныхны Азийн цомын тэмцээний урьдчилсан шат, Монгол-Йордан улсын тоглолт), Т.Түвшинбаяр (15 хүртэлх насныхны АШТ, Монгол-Хойд Марианы Арлууд), Н.Эрдэнэбаатар (“Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам, Монгол-Макао) нар нэр дэвшсэн байна. “Оны шилдэг футзалын тоглогч”-д нэг клубээс хоёр тоглогч үзэгчдээс хамгийн олон санал авсан нь “Унаганууд”-ын П.Алтантулга, Э.Пүрэвдорж нар юм. Тэдэнтэй “Солонго 5”-ын тоглогч Т.Анхбаяр өрсөлдөх нь. “Оны шилдэг футзалын багийн дасгалжуулагч”-д Л.Банзрагч (“Арвис”, “Хан жигүүртэн”), С.Эрдэнэ-Очир (“Унаганууд”) С.Пүрэвсүх (“Солонго 5”) нарын нэр тодорчээ. Тэднээс өнгөрсөн жил С.Эрдэнэ-Очир шилдэг дасгалжуулагчаар шалгарч, “Алтан бөмбөг” гардсан удаатай.
Дээрх ёслолын ажиллагааны үеэр “Оны шилдэг гадаад тоглогч”-д нэр дэвшсэн легионеруудын нэр олны сонирхлыг их татдаг. Тэднээс Тиаго Томайс (“Булган СП фалконс”), “Улаанбаатар” клубтнэгдсэн Акихиро Сүзүки, Неманья Крушевац нар тодорчээ. “Оны шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-д В.Бралушич (“Улаанбаатар”), Ч.Мөнхбат(“Дэрэн”), И.Отгонбаяр (“Булган СП фалконс”) нар дэвшжээ. “Оны шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-д Э.Чинбат(“Баянзүрх спортинг илч”), Э.Шинэбаяр (“Хараацай”), Э.Чинбаатар (“Сторм”) нарын нэг нь шилдгээр тодорно. Хамт“уралдсан” нөхдөөсөө Э.Шинэбаяр өнгөрсөн жил цойлсон билээ.
Ташрамд дурдахад, Монголын үндэсний олимпын хороонд энэ сарын 18-нд “Бөртэ чоно-2023” тэргүүн дээд шагнал гардуулах ёслол болох юм.
Тус ёслолын “Шилдэг спортын тоглоомын баг” төрөлд 2022-2023 оны “Моби дээд лиг” болон Монголын хөл бөмбөгийн холбооны цомын аварга, 2023-2024 оны Азийн хөл бөмбөгийн холбооны “AFC сup” тэмцээний хэсгийн шатад ялалт байгуулсан “Улаанбаатар” клубийнхэн нэр дэвшиж байна.