“Монголын бизнесийн орчин-2023” судалгааны үр дүнг өчигдөр танилцууллаа. МҮХАҮТ, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран эл судалгааг энэ оны 4-12 дугаар сард үндэсний хэмжээнд хийж, 4606 аж ахуйн нэгжийг хамруулжээ. Үүнийг хийхдээ бизнесийн орчны нөхцөл байдлыг 300 орчим нарийвчилсан үзүүлэлтээр судалдаг бөгөөд хамгийн олон аж ахуйн нэгжийг хамруулдгаараа онцлог аж.
Гурван жилд нэг удаа танилцуулдаг энэхүү судалгааны голлох үр дүнгээс дурдвал 2023 оны бизнесийн орчинд бизнес эрхлэгчид 2.68 гэсэн үнэлгээ өгсөн нь дундаас доогуур, цар тахлын өмнөх 2020 оныхтой харьцуулбал 0.23 нэгжээр буурсан үзүүлэлт аж. Өөрөөр хэлбэл, бизнес эрхлэгчид цар тахлын өмнөх үетэй харьцуулахад бизнесийн орчин муудсан гэж үзжээ. Судалгааг хийж эхэлсэн буюу 2017 онд дээрх үнэлгээ 2.45 байсан юм. Уг судалгааг ерөнхий тав болон дээр дурдсанчлан дэд орчны нарийвчилсан 300 орчим үзүүлэлтээр үнэлж, үр дүнг нь нэгтгэдэг байна. Ерөнхий таван орчны үнэлгээг авч үзвэл засаглал, хууль, эрх зүйн орчны үнэлгээ хамгийн бага буюу 2.4 байжээ. Өөрөөр хэлбэл, дээрхээс гадна эдийн засгийн (үнэлгээ нь 2.5), дэд бүтэц, технологийн (2.73) болон нийгэм, соёлын орчны үзүүлэлт (2.57) уруудсан дүн гарсан байна. Цаашид төрийн үйл ажиллагааг сайжруулахад дүрэм журмын тодорхой байдал, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж үзэж буйгаа бизнес эрхлэгчид илэрхийлжээ. Харин 2020 оноос ялимгүй буюу хоёр хувиар сайжирсан ганц үнэлгээ нь бизнесийн байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлт (3.19) байв. Цар тахлын нөлөөгөөр бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахаар төрөл бүрийн арга хэмжээ хэрэгжүүлсэн нь дотоод үйл ажиллагаа нь сайжрахад нөлөөлсөн гэж үзсэн нь үүнд нөлөөлжээ.
Бизнес эрхлэх нөхцөл байдлын талаар судлахад төрийн эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авахад хүндрэлтэй, санхүүгийн эх үүсвэр хомс, бизнесийн маргаан шийдвэрлэх тал дээр хангалтгүй байгааг МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, профессор Б.Даваасүрэн хэлэв. Монгол Улсад гадаад худалдаа эрхлэхэд дотоод, гадаад тээврийн нөхцөл байдал, улс орнуудын тарифын болон тарифын бус зохицуулалт, худалдаа эрхлэгчдэд тусгайлан хандсан бизнесийн үйлчилгээ хангалтгүй буй нь саад болж байгааг мөн дурдлаа. Гадаад худалдаа эрхлэх боломжийг нэмэгдүүлэхийн тулд юуны түрүүнд валютын ханшийн хэлбэлзэл их, тээврийн зардал өндөр, хугацаа урт, санхүүжилтийн үйлчилгээ хангалтгүй байгааг шийдвэрлэх нь ач холбогдолтойг тэмдэглэсэн юм.