Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх Монгол Улсад ажиллах хугацаандаа Монгол-Энэтхэгийн хамтын ажиллагаа, найрамдлын “Мөнхийн хөшөө” болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хурдацтай эрчимжихэд үнэтэй хувь нэмэр оруулсныг цохон тэмдэглэлээ. Түний бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан төрийн албан тушаалтнууд хүлээн авч уулзлаа.
Монгол Энэтхэгийн харилцаа одоогоос 3 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй гэж судлаачид үздэг. Өнөөдөр Энэтхэгийн зүүн хойд муж нутаг болон Хималайн сав газраар гучин сая гаруй өвөг монгол буюу монголоид угсаатан амьдарч байна. Тэд олон зуун жилийн өмнөөс Энэтхэгт хэд хэдэн удаа нүүдэллэн очжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн өмнө зүгийн Андаманы аралд монгол гаралтай хүмүүс амьдардгийг XIII зуунд Италийн аялагч Марко Поло явж байхдаа харж, тэмдэглэн үлдээсэн байна.
Орчин цагт 1955 оны арванхоёрдугаар сарын 24-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улс, БНЭУ хооронд дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тухайн үед БНЭУ нь манай улсыг тусгаар тогтноход хүлээн зөвшөөрсөн социалист бус анхны орон байсан бөгөөд манай улсыг 1961 онд НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн юм. Монгол, Энэтхэг ард түмэн газар зүйн хувьд хол оршдог ч сэтгэл санаа, соёлын хувьд ойр байдаг "оюун санааны хөрш" орнууд гэж үздэг. 1956 онд Монгол Улс Дели хотод ЭСЯ-аа нээж, Энэтхэг улс Улаанбаатар хотод 1971 онд ЭСЯ-аа нээж үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.
1987 оноос Энэтхэгийн Соёл, боловсрол, Шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны “ITEC” хөтөлбөрийн хүрээнд манай мэргэжилтнүүд урт, богино хугацааны сургалтад хамрагдаж эхэлсэн. Энэтхэгээс жилд 5-10 багш ирж ажиллах болсноор Улаанбаатар хотноо Монгол-Энэтхэгийн хамтарсан ахлах сургуулийг 2003 оноос байгуулан үйл ажиллагаа явуулж байна. Мөн сүүлийн 10-аад жилд МУИС-ийн дэргэд санскрит хэлний тэнхим байгуулах, Төв номын санд хадгалагдаж буй эртний судар номыг тоон бичлэгт оруулах ажлыг Энэтхэгийн техникийн тусламжийн хүрээнд гүйцэтгэжээ.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаа нэлээд эрчимжиж байна. Монгол улс Энэтхэгээс төрөл бүрийн эм, эмийн түүхий эд, шүлхийн вакцин зэргийг авдаг. Энэтхэг улс Монголоос уул уурхайн бүтээгдэхүүн, тухайлбал, коксжих нүүрс, хайлуур жонш, зэсийн баяжмал, уран, төмрийн хүдэр зэрэг ашигт малтмал, ноос ноолуур авахыг сонирхолтой байгаа юм.
Соёлын солилцооны Протокол /2019-2023/, Онцгой байдлын салбарт хамтран ажиллах санамж бичиг, Сансар огторгуйг энхийн болон иргэний зорилгоор ашиглах, хамтран ажиллах тухай санамж бичиг, Малын эрүүл мэнд, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хамтран ажиллах цогц ажлын төлөвлөгөө, Монгол-Энэтхэгийн хамтарсан тунхаглал, Агаарын үйлчилгээний хэлэлцээр, Дипломат, албан пасспорт эзэмшигч нар харилцан визгүй зорчих хэлэлцээр, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ, Эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ, Давхар татварын тухай хэлэлцээрийг тус бүр хийжээ.