Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг сайжруулах үүднээс салбаруудын төлөөлөлтэй санал солилцох уулзалтыг долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж буй. Тус газрынхан өчигдөр банк, санхүүгийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзаж, байгаль орчны салбарт хамтран ажиллах боломж, санаачлан хэрэгжүүлж буй ажлуудынх нь талаар ярилцав. Банк, санхүүгийн байгууллагууд Засгийн газраас хэрэгжүүлж буй үндэсний хөдөлгөөнийг дэмжиж 50 сая мод тарих зорилт дэвш үүлснийг, “Тэрбум мод” сангаар дамжуулан төсөл, хөтөлбөрүүдэд 1.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосныг энэ үеэр онцоллоо.
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс уг хөдөлгөөний хэрэгжилттэй холбоотой тандалт, судалгаа хийснийг менежер Л.Цэрэнбадам нь уулзалтын үеэр тус салбарынханд танилцуулав. Судалгаанд хамрагдсан, мод тарьдаг иргэд, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь тууштай үйл ажиллагаа явуулахад санхүүгийн бэрхшээл тулгардаг гэжээ. Тэдний 74 хувь нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, зорилтыг улсын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн аж . Тэгвэл 58 хувь нь ногоон ажлын байр нэмэгдүүлэх, 47 хувь нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах гэсэн байна. Түүнчлэн олон нийтийн экологийн боловсролыг дээшлүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх, агро ойн аж ахуйг хөгжүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулахад ач тустай хэмээн үзжээ.