Засгийн газраас 2022 оны шилдэг уран бүтээлч, уран бүтээлийг 14 дэх жилдээ шалгаруулан “Мөнгөн мод” цом олгож, мөнгөн шагналаар урамшууллаа. Ёслол ДБЭТ-т уржигдар үдэш болсон юм. Зохион байгуулагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар. Соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны, дүрслэх, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээлийг тодруулсан. Харин шилдэг уран бүтээлчийг найруулагч, зураач, зохиолч, хөгжмийн зохиолч, продюсер, удирдаач, бүжиг дэглээч, жүжигчин, хөгжимчин, дуучин, бүжигчин, судлаач гэсэн 12 төрлөөр шалгаруулсан юм. Эхний ангилалд 95 субъект, харин дараагийнхад 82 уран бүтээлч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгсөн бөгөөд27 хүний бүрэлдэхүүнтэй шүүх баг дараах байдлаар шийджээ.
Кино урлагийн шилдэг бүтээлээр “Трио” уран сайхны кино, тайзны урлагийн төрөлд “Тамгагүй төр” физикл драм тодров. “GUYUK метаверс” хэмээх төсөл хэрэгжүүлсэн мэдээллийн технологичдын багийн ажлыг шилдгээр тодруулсан нь онцлохоор байлаа. Энэ нь виртуал ертөнцөд суурилсан нийгмийн сүлжээ аж. Компьютероор бүтээсэн хийсвэр орчинд VR төхөөрөмж, ухаалаг утас зэргийг ашиглан харилцах, суралцах, аялах, тоглох, дижитал эдийн засгийн харилцаанд оролцох, орлого олох боломжийг хэрэглэгчдэд олгодог талбар гэнэ.
Архитектурын шилдэг бүтээл номинацад “Степпе арена” ордон “Чингис хаан” музей тунаж үлдсэнээс хоёр дахийг нь тодруулсанд үзэгчдийн зарим нь сэтгэл дундуур байлаа. Дизайны шилдэг бүтээлээр “Хүрээ лоунж”-ийн тохижилтыг сонгожээ. Хувцас загварын тухайд “Devil” коллекц, дүрслэх урлагийн чиглэлээс зураач Т.Одонгийн туурвил “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг, зар сурталчилгаагаар Цагдаагийн ерөнхий газрын “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” контент, дуу хөгжмийн бүтээлээр Морин хуурын чуулгын “Монгол аялгуу” хос пянзыг шилдгээр тодрууллаа. Нийтлэл, нэвтрүүлгээр “Нүүдэлчин зөн” арт медиа төслийн “Ухамсар” бүтээл, шилдэг ном хэвлэлээр Үндэсний түүхийн музейн “Нүүдэлчдийн агсарга бүс”, соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр “Чингис хаан” музейн үзэсгэлэн, үзүүллэг, дэглэлт шалгарав.
“Мөнгөн мод” наадмын шүүгчид шилдэг найруулагчаар УДЭТ-ын найруулагч Э.Ёндоншаравыг нэрлэлээ. ХБНГУ-д амьдардаг жүжигчин О.Энхтуул, “Тамгагүй төр” жүжгийн продюсер М.Есөнмөнх, Морин хуурын чуулгын ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан, зураач Э.Эрдэнэболд, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар, зохиолч Ц.Бат-Оргил, “Ганц цагаан шувуу” сюрреалист моно дуурийн хөгжим туурвисан Х.Алтангэрэл, ҮУИТ-ын уртын дуучин, каунтри чиглэлд амжилттай яваа Т.Баатархүү, ДБЭТ-ын балетын гоцлооч Ө.Мөнхжин, хуучирч, ҮУИТ-ын гоцлол, үндэсний их найрлын тэргүүн хөгжимчин Э.Цэндсүрэн, Соёл урлагийн хүрээлэнгийн судлаач Б.Баатархүү нар шилдгээр шалгарав.
“Мөнгөн мод” цомын эзэн болсон уран бүтээлчид, уран бүтээл төрүүлсэн эздэд соёл урлагийн салбарын алдартнууд шагналыг нь гардуулсан юм. Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, цохивор хөгжимчин, Гавьяат багш Б.Зоригт, дипломатч, орчуулагч Ц.Гомбосүрэн, Ардын зураач Ц.Байды, кино найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж тэргүүтэй алдартнууд ар араасаа гарч ирж, үнэ цэнтэй үгээ хэлж, шагнал гардуулах ёслолын утга учрыг товойлгож байлаа.