Бага насны хүүхдийг хуурч, сүрдүүлж, нүцгэн зургуудыг авч цахим орчинд зар тавьж зардаг этгээдүүдийг саатуулжээ. Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.9-т заасны дагуу, яллагдагчаар татаж, шалгаж байна. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа гэнэ. Тодорхой хэлбэл, 2022 оны эхний улиралд хоёр холбогдогчтой есөн гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тиймээс цагдаагийн байгууллагаас хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, хэнтэй уулзаж, юу ярилцаж байгаад хяналт тавьж, хүүхдээ халамжлахыг анхаарууллаа. Учир нь хүүхдүүд ийм төрлийн гэмт хэргийн хохирогч болсноо эцэг эх, асран хамгаалагч, багш нартаа хэлдэггүй. Бусдад гадуурхагдахаас айж нуун дарагдуулах, өөрөө хохирсоноо мэддэггүйгээс шалтгаалж, энэ гэмт хэрэг нуугдмал байж, гэмт хэрэгтэнд даврах, дахин гэмт хэрэг үйлдэх боломж болгожээ.
Эрүүгийн хуулиас
16.9 дүгээр зүйл.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчлах
1.Хүүхэд оролцуулж садар самууныг сурталчилсан хэвлэл, ном зохиол, зураг, кино, дүрс бичлэг, бусад зүйлийг бэлтгэсэн, борлуулсан, тараасан, хадгалсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.кибер орчныг ашиглаж;
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2.2.бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.