Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУС, ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХЭД ХАМААРАХ АСУУДЛЫГ ТУСГАЖЭЭ”

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх “Баялагтаа эзэн монгол”, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ “Дарангуйлалгүй монгол”, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат “Монгол чадна” уриатай мөрийн хөтөлбөр танилцуулсан. Тэдний мөрийн хөтөлбөр дэх хууль, эрх зүй, хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, гадаад харилцааны чиглэлээр тусгасан ажлуудад судлаач, мэргэжилтнүүд хөндлөнгөөс ямар дүн шинжилгээ хийснийг хүргэе. Нэр дэвшигчид эдийн засгаа сэргээх чиглэлээр юу хийхээр амласныг манай сонины өнгөрсөн сарын 27-ны дугаартаа нийтэлсэн юм.

“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУС, ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХЭД ХАМААРАХ АСУУДЛЫГ ТУСГАЖЭЭ”

Л.Галбаатар (Хуульч, судлаач):

-Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрх, бүрэн эрхийн хү- рээг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хязгаарлаж, Үндсэн хуулийн 26.1, 33.4 дэх хэсгийг өөрчлөн найруулсан. Ингэснээр Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоох, Ерөнхийлөгчид тодорхой бү- рэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн 33.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хуулиар олгож болохоор тусгасан билээ. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлд зааснаар УИХ-ын үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, хөгжлийн бодлогын болон төлөвлөлтийн баримт бичиг, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай хуулийн төслөөс бусад хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачлах юм. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газраас санаачлах хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 1.1.12-т “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт хүлээлгэх хариуцлагыг чангатган, улс үндэстнээрээ авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ” гэжээ. Авлигын гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвхөн Эрүүгийн хуулиар тогтооно. УИХын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар Ерөнхийлөгч Эрүүгийн хуулийн төсөл санаачлах эрхгүй. Мөн тус нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийн 1.1.14-т “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрт тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана” гэжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 33.2.2-т “Уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх” талаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон. Нэр дэвшигч У.Хүрэлсүх нь “Хүчирхэг монгол паспорт” хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний гадаад паспорттой иргэдийн визгүй зорчдог орны тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэжээ. Гэтэл Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар иргэд харилцан зорчих визийн нөхцөл, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх зохицуулалт бүхий олон улсын гэрээг Засгийн газар байгуулдаг.

Үндсэн хуулийн 33.1.3-т зааснаар Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх эрхтэй. Гэтэл нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт тусгасан, “Засгийн газарт чиглэл өгнө” гэсэн 18 зорилт, арга хэмжээ нь Ерөнхийлөгчийн бус, Засгийн газрын бүрэн эрхэд шууд хамааралтай байна. Харин нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат нарын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтууд нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарч буй бөгөөд хуулиар хориглосон зүйл оруулаагүй байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийн 2.3.4- т “… ардчилал, хүний эрх, засаглал, хэвлэлийн эрх чөлөө, жендер, авлига, бизнес эрхлэлт, аз жаргалын үзүүлэлтийг цаашид нэг ч байраар ухраахгүй, ахиулан ажиллана” гэжээ. Хүний эрх, эрх чөлөөний бодит баталгааг тодорхойлоход хамааралтай эдгээр үзүүлэлтийг хэрхэн ахиулах арга зам нь тодорхойгүй байна.

Нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө “Жендерт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт, бэлгийн дарамтыг арилгах санаачилга, манлайллыг дэмжинэ” гэжээ. Эдгээрийг холбогдох хуульд тусгасан ч үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс түүний энэ амлалтыг оновчтой гэж үзэж болно. Нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрийн 1.3-т “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд иргэд үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, хөрөнгө чинээ, албан тушаал болон бусад байдлаар ялгаварлан гадуурхахын эсрэг, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх үндсэн эрхээ эдлэх тэгш бололцоог хангахын төлөө зүтгэнэ” гэжээ. Энэ амлалтыг хэрэгжүүлснээр төрийн байгууллагын дарга нар, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд хөл хорионы үеийн журам ялгавартай үйлчилдэг, эрх баригчдад “таалагдаагүй” жагсаал, цуглааныг хууль бусаар хязгаарладаг зэрэг цар тахалтай тэмцэх нэрийн дор нийгмийн тэгш бус байдлыг улам дэвэргэж буй явдлыг зогсоох боломжтой юм.

Гурван нэр дэвшигч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад манлайлж оролцохоо илэрхийлжээ. Харин энэхүү амлалтаа хэрхэн хэрэгжүүлэх арга замын талаар нэр дэвшигч У.Хүрэлсүх, С.Эрдэнэ нар тодорхой зүйл дурдаагүй байна. Нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрийн 9.2-т “… нийтлэг эрх ашиг, үнэт зүйл, үндэсний хөгжлийн зорилгын төлөө хамтран ажиллах орч – ныг бүрдүүлэх зорилгоор орон тооны бус бодлогын зөвлөлүүдийг байгуулан ажиллуулна” гэснээс харахад шүүхийн шинэтгэлийг тууштай дэмжих бодлого баримтлахдаа мэргэжлийн туслалцаа үзүүлэх баг бүрдүүлж, ажиллуулах нь.

“БҮХ НИЙТИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ САЙЖРУУЛАХАД МАНЛАЙЛЖ АЖИЛЛАХ НЬ”

Р.Эрдэнэбат (“Эрүүл мэндийн даатгуулагчдын хяналт” ТББ-ын тэргүүн, судлаач):

-Нэр дэвшигч У.Хүрэлсүх “Монгол Улсын иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд жилд нэг удаа тэгш хамруулдаг тогтолцоог бүрдүүлнэ. Эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэн, Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлж, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжинэ” гэжээ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд одоо мөрдөж байгаа эрүүл мэндийн салбартай холбоотой бүх хуулийг өөрчлөх учиртай. Ялангуяа Эрүүл мэндийн даатгалын, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулж, улсын эмнэлгүүдийг хувьчлахгүй тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой. Мөн тэрбээр “Эрүүл-эх нялхас” үндэсний хөтөлбөр санаачилж, төрөх эмнэлгүүдийн орчин нөхцөлийг дэлхийн түвшинд нийцүүлэн сайжруулах чиглэлийг Засгийн газарт өгч ажиллана, эх, нялхсын эрүүл мэндэд онцгой анхаарна гэжээ. Эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах нь маш чухал. Шинэ эмнэлэг барихаас илүү байгааг нь зөв зохион байгуулах, засварлах, технологиор хангах нь зүйтэй. Иргэд эрүүл мэндийн даатгал төлдөг боловч эмнэлгийн үйлчилгээг хөнгөлөлттэй авч чаддаггүй. Тэгэхээр үүнийг шийдэх зохицуулалтыг онцлон тодорхойлсон нь дэвшилттэй. Бас эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэхийг дэмжинэ гэсэн нь шатлалаар нь төрөлжүүлж, нарийн мэргэжлийн эмнэлгүүдийг олон улсын жишигт хүргэх, иргэд гадаадыг зорьж эмчлүүлдэг байдлыг багасгах боломж бүрдүүлнэ гэж харж байна.

Нэр дэвшигч У.Хүрэлсүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, иргэдээ чийрэгжүүлэх зорилгоор “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ, хүн амаа өсгөх, удмын сангаа хамгаалах, бодлогыг тууштай баримталж, олон хүүхэдтэй гэр бүлийг төрийн бодлогоор дэмжих зарлиг гаргана гэх зэргээр хэрэгжүүлж болох бодит зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн тэрбээр цар тахлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгаа сэргээх Засгийн газрын хөтөлбөрийг тууштай дэмжих, “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөр санаачилна гэжээ. Ерөнхийд нь дүгнэвэл хүүхдийг хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй хууль, эрх зүйн орчин бүрдүүлж, өндөр настнуудын амьдралын чанарыг сайжруулах, хөдөлмөрийн насны залуусаа жил бүр эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах зэрэг нь хэрэгжүүлж болох ажил юм.

Нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын тулд олон хууль батлуулахад чиглэжээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах нь тулгамдсан асуудал мөн. Гэхдээ хүүхдийн эрхийн зөрчлийг илүү хурцаар хөндөж, Монгол Улсын ирээдүй хойч үеийг одооноос хамгаалахгүй бол улс оршин тогтнох баталгаа үгүй гэдгийг тэрбээр онцлон тусгасан байна. С.Эрдэнэ “Хүүхэд хамгаалал, түүнтэй холбоотой өдөр тутмын хяналтыг сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өгч ажиллана. Хүүхэд хамгааллын чиглэлээр төрийн үйлчилгээний санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэний байгууллагуудтай хамтарна” гэжээ. Амьд явах, ялгаварлан гадуурхахаас ангид байх, сурч боловсрох, хоол хүнсээр хангуулах, эрүүл мэндийн үйлчилгээ авах гэх мэт хүүхдийн олон эрх зөрчигддөг. Тиймээс холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, санхүүжилтийг нь дэмжих хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх чиглэл өгч ажиллана гэсэн нь бүх намын мөрийн хөтөлбөрт тусгах ёстой, Засгийн газар дэмжиж ажиллах учиртай сайн амлалт юм. Мөн тэрбээр хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэж, дарамт, мөлжлөгийн бүх хэлбэрээс хамгаалах хуулийн төсөл боловсруулна гэжээ. Хүүхдийн хүчирхийлэл нь маш олон хүчин зүйлээс хамааралтай. Тэгэхээр ажилгүйдлийг багасгах, иргэдийн орлого, боловсролын түвшнийг дээшлүүлэх чиглэлээр олон хуулийг өөрчилж, эрүүл нийгэм бий болгох боломжтой. Түүнчлэн био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн “лаборатори” ашиглалтад оруулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх нөхцөлийг яаралтай бүрдүүлэх санаачилга гаргана гэжээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх лаборатори чухал ач холбогдолтой. Дүгнэж хэлэхэд, нэр дэвшигч С.Эрдэнэ хүн ардын эрүүл мэнд, эрх чөлөөг хамгаалсан, эв нэгдлийг дээдэлсэн Ерөнхийлөгч байна гэсэн санааг илэрхийлжээ.

Нэр дэвшигч Д.Энхбат мөрийн хөтөлбөртөө ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг цогцоор нь харж, гол арга хэмжээг шийдвэрлэх гарцтай нь хамт тусгасан байна. Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг ханган баталгаажуулахыг дэмжиж ажиллана гэжээ. Эрүүл мэндээ хамгаалах нь зөвхөн эмнэлгийн тусламж, үйлчилгээ төдийхнөөр биш, амьдрах орчин, эрүүл хоол хүнс, амгалан тайван байдал, дасгал хөдөлгөөн зэрэг олон хүчин зүйлээс хамааралтай. Шинэ зуунд амьдарч байгаа залуус орчноо “ногоон”, өөрсдийн хэрэглээг эко, амьдралын хэв маягаа орчин үедээ дасан зохицох, оюун санаа болон сэтгэлгээгээ өөрчлөхөд чиглүүлбэл эрүүл, сайхан амьдрах боломжтой. Залуусын оролцоог дэмжих, эх оронч байлгах, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх нь хууль, эсвэл хөрөнгө шаардахгүй хийх боломжтой ажил тул маш сайн санаачилгыг тэрбээр дэвшүүлжээ. Мөн иргэдэд бие болон сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах мэдлэг, дадал зуршлыг эзэмшүүлэх, бүх насныханд тохирсон биеийн тамир, спортыг хөгжүүлэх, эрүүл агаарт дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндээ нөхөн сэргээх задгай талбай, байгууламжийг дүүрэг, хороо бүрт байгуулах бодлогыг дэмжинэ гэжээ. Ногоон байгууламжтай, амрах газартай, биеийн тамирын талбайтай болох нь эрүүл нийгмийг бүрдүүлэх үндэс. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог олон төрөлтөй, хамралт өргөнтөй болгож, тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг цахим мэдээллийн тогтолцоогоор холбож, иргэд санхүүгийн хүндрэлд орохгүйгээр эмчлүүлэх боломж бүрдүүлэх бодлогыг дэмжинэ гэжээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь даатгалын зарчмаар биш, мөнгө хуваарилах хэлбэрээр ажиллаж буйг тэрбээр оновчтой тайлбарласан байна. Түүнчлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, ард түмний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын тулд дотооддоо эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, вакцин үйлдвэрлэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ гэжээ. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, шинжлэх ухаанаа хөгжүүлэх, эрдэмтдийн зохион бүтээснийг хэрэглээнд нэвтрүүлэх, экспортлох бодлого бол үндэсний аюулгүй байдлын гол зорилт. Эрүүл мэндийн болон бусад бараа, бүтээгдэхүүн импортолж ашиг олдгийг хяналттай болгож, өөрсдийн аюулгүй байдлаа хангах нь хамгийн дэвшилттэй заалт байна. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн бүтцийг оновчтой болгох замаар даатгалын бие даасан байдлыг бэхжүүлэн, иргэд оршин суугаа газрын харьяалал, өмчийн хэлбэр үл харгалзан даатгалаараа бүх шатлалын үйлчилгээ авах боломж бүрдүүлэхийг дэмжинэ гэжээ. Энэ нь зайлшгүй хийх учиртай, эрүүл мэндийн үйлчилгээг ашиг олох хэрэгсэл болгодгийг зогсоох чухал ажил юм.

“НЭР ДЭВШИГЧ БҮР ГАДААД БОДЛОГЫН УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛИЙН АСУУДЛЫГ ХӨНДСӨН БАЙНА”

Д.Золбоо (ШУАийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор):

-Нэр дэвшигч- дийн мөрийн хөтөлбөрийг ҮАГ дүгнэхдээ гадаад харилцааны чиглэлийг авч үздэггүй. Мөрийн хөтөлбөрт аудит хийхдээ гол шалгуур болгодог “Алсын хараа 2050” баримт бичигт гадаад бодлого, гадаад харилцаанд шууд хамаарах заалт бай – даггүй гэж манай салбарынхан шүүмжлэлтэй ханддаг. Хууль, эрх зүйн хүрээнд Ерөнхийлөгчид 69 эрхийг олгосноос 46 нь Үндсэн хуульд ёсчлон заасан байдгийг хуульчид хэлдэг. Эдгээрийн нэлээд хэсэг нь гадаад харилцаа, төрийн ёслолтой холбогддог. Гэхдээ шууд утгаараа Ерөнхийлөгч нь “хамгийн сайн дипломатч” байх хэрэгтэй гэдэг нь юу л бол. Монгол Улсын гадаад бодлогын үндсийг УИХ тодорхойлж, Гадаад харилцааны яам гадаад бодлого, гадаад харилцааны үндсэн чиг үүргийг төвлөрүүлэн удирдаж явуулдаг. Гэхдээ Үндсэн хуулийн 35 дугаар зүйлд Ерөнхийлөгч нь “Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах” эрхтэй хэмээн заасан. Энэ нь Ерөнхийлөгч дипломат ёс, дүрэм журмын тодорхой мэдлэгтэй байхыг шаардсан гэж үзэж болох талтай. Гэхдээ Төрийн тэргүүний хувьд гадаад бодлогод өөрийн гэсэн өнгө аяс, чиглэл оруулах тохиолдол байсныг үгүйсгэхгүй.

Нэр дэвшигчид гадаад бодлогын чиглэлд баримтлах бодлогоо өөр өөрийнхөө өнцгөөс тусгаж, томьёолсон байна. Үндсэн хуулийн хү- рээнд Ерөнхийлөгч хууль санаачлах эрхтэй тул төрийн бодлогод хуулиар дамжуулан нөлөөлөх боломжтой институц. Гэхдээ зарчмын шинжтэй цоо шинэ зүйл тунхаглах боломжгүй. Угаасаа УИХ, Засгийн газрын бүрэн эрхэд шууд халдан өөрийн бодлогоо тулгах учиргүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон. Ингэснээр Элчин сайд зэрэг гадаад харилцааны чиглэлийн албан тушаалтнуудын ажлын үр дүнг өөрөө үнэлэх боломж бүрдсэн юм. Элчин сайдыг томилох, Ерөнхийлөгчөөр ажиллах бүрэн эрхийн хугацаа нь тэнцүү байх үед ийм боломж олддоггүй байх талтай. Нэр дэвшигч бүр гадаад бодлогын уламжлал, шинэчлэлийн асуудлыг хөнджээ. Өрсөлдөгч нараасаа ялгарах онцлог ч байна. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ мөрийн хөтөлбөртөө “Шенгений ханыг нураах” талаар тусгасан нь бодит ажил хэрэг болбол мэдээж сайн. Гэхдээ аль ч улс орны визийн асуудлыг хоёр талаасаа харилцан тохиролцож байж шийддэг. Үүнийг зөвхөн гадаад харилцааны гэхээсээ илүү тухайн улсынх нь дотоод бодлогын үргэлжлэл гэж харах хэрэгтэй. Энэ жил ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй. Үүнийг хэрхэн тэмдэглэж өнгөрүүлэхээ нэгэнт тогтчихсон байгаа учир шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тэгтлээ их үүрэгтэй байж чадах нь эргэлзээтэй. 2011 онд шинэчлэн баталсан Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгаснаар “гуравдагч хөрш” орны тоонд дурдаагүй байсан Британи Европын Холбооны гишүүнчлэлээс гарсан. Тиймээс нэр дэвшигч С.Эрдэнэ гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлэх улсын тоонд Британийг оруулсан нь шинэлэг зүйл.

Төрийн эрхийг барьж байгаа намын хувьд МАН-ын нэр дэвшигч мөрийн хөтөлбөрийнхөө “Эв нэгдэл” гэсэн ерөнхий бүлгийнхээ 3-т “Хөгжилд хөтлөх нэгдмэл гадаад бодлого” гэж томьёолон нэлээд дэлгэрэнгүй заалтууд оруулсан байна. Эдгээр нь цоо шинэ санаачилга байхын зэрэгцээ залгамж чанартаа илүү анхаарчээ. Ер нь сүүлийн 30 гаруй жилийн түүхэнд манай гадаад харилцаа, дипломат бодлого нэг цонхоор хэрэгжиж чадсаныг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Нэр дэвшигч Д.Энхбатын мөрийн хөтөлбөрийн долдугаар бүлэгт “Улс орны эрх ашгийг дээдэлж, олон улсын нийтлэг хэм хэмжээнд нийцсэн, эрх тэгш гадаад харилцааг эрхэмлэгч Ерөнхийлөгч байна” гээд нийт зургаан зүйл дурджээ. Тэрбээр “гуравдагч хөрш”-ийн бодлогод илүү анхаарал хандуулж, олон улсын хэмжээнд яриа хэлэлцээний идэвхтэй оролцогч, хамтрагч байж зангилаа болохоо онцолсон байна.

3
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on ““ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БУС, ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭН ЭРХЭД ХАМААРАХ АСУУДЛЫГ ТУСГАЖЭЭ”

  • СОНГОГЧ says:

    МАНАЙ АРДЧИЛЛЫН НЭР ЗҮҮГЧИД ЭХ ОРОНДОО ЯМАР ТУС ХҮРГЭСНИЙГ ЭРГЭН САНАЦГААЯ!!!. Ч. САЙХАНБИЛЭГИЙН ЗАСГИЙН ГАЗАР МОНГОЛ УЛСАА РИО ТИНТОД ЗАРЖ, ДАМПУУРУУЛЧИХААД АНУ- РУУ ДҮРВЭЖ, ХИЛИЙН ЦААНААС ЭХ ОРНОО МУУЛААД СУУЖ БАЙГААГ БИД МАРТААГҮЙ.
    ХАРИН ХҮРЭЛСҮХИЙН ЗГ ДАМПУУРУУЛСАН МОНГОЛЫГ ӨӨД НЬ ТАТАЖ, БҮТЭЭН БОСГОСОНЫ АЧААР ӨДИЙ ЗЭРЭГТЭЙ БАЙНА. ХҮРЭЛСҮХ БА ТҮҮНИЙ ЗАЛГАМЖ ЗГ-Н АЖЛЫН ҮР ШИМИЙГ ХҮРТЭЭГҮЙ 1- Ч ААН, 1-Ч ГЭР БҮЛ, 1- Ч ИРГЭН БАЙХГҮЙ ГЭДЭГТЭЙ ЭРХБИШ САНАЛ НИЙЛЭХ БИЗЭЭ.
    ХҮРЭЛСҮХИЙН ЭХЛҮҮЛСЭН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛУУД ДУУССАН ҮЕД МОНГОЛ УЛС ЭРЧИМТЭЙ ХӨГЖЛИЙН ЗАМД ОРОХ НЬ ТОДОРХОЙ.
    ТЭГЭХЛЭЭР ХЭНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ВЭ?

  • Irgen says:

    Yaag ingeed hen n hud hen n erh uurgee meddeg n haragdaj bgaa bhguyu

  • Зочи says:

    Мөрийн хөтөлбөрөөс нь л харахад Хүрэлсүх дарангуйлагч гэдэг нь тодорхой бна даа.

  • Зочин says:

    Мөрийн хөтөлбөрөөс нь л харахад Хүрэлсүх дарангуйлагч гэдэг нь тодорхой бна даа.

  • Anonymous says:

    Хаха, ажлаа мэддэг гээд бүлт бүлт үсрээд байсан Хүүк нь баахан ЕС-ийн амлалт өгөөд наасан үнэн бүтэхгүй улс шүү, Ухаангүй ноёнд ургашгүй албат биш, Ургашгүй албатад ухаангүй ноёд л заяа нь доо