Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коммунизм руу чирсэн “Мэдээний урсгал”

    “Мэдээний урсгал” мэдээллийн хөтөлбөрийг өргөн нэвтрүүлгийн найман сувгаар өнөөдрөөс цацсан. Уг нь сэтгүүл зүйн хамгийн чухал төрөл болох мэдээллийн хөтөлбөр хараат бус, үнэн мэдээллийг нийгэмд түгээх үүрэгтэй. Гэвч Монголын шилдэг гэгдээд буй сэтгүүлчдийн төлөөлөл нэг доор цуглаж, мэдээллийг нэг өнцгөөс хийж, найман сувгаар түгээнэ гэдэг нь иргэдийн “тархийг угааж” буй үйлдэл хэмээн мэргэжлийнхэн хурцаар шүүмжилж  буй. Тухайлбал, зарим телевизийн удирдах албан тушаалтан “хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй учир энэ төсөлд оролцохгүй” гэдгээ илэрхийлсэн байна. Үүнтэй адил МҮОНРТ-ын захирал асан Л.Нинжжамц өөрийн цахим хуудсандаа.“MNB Ерөнхий захирлаа. 54 жил тасралтгүй үзэгчдэд хүрсэн “Цагийн хүрд”-ийг устгаж байгаа юм уу” гэж нийтэлжээ. Л.Нинжжамцаас энэ талаар тодрууллаа.

– Найман телевиз нэг мэдээний хөтөлбөртэй байх нь зөв үү.

-Энэ бол миний мэдэхгүй сэтгүүлзүй. “Карантин 14” зэрэг энтертайнмент нэвтрүүлгийг урлаг, соёлынхон нэгдэж хийхэд ямар нэг сөрөг зүйл үгүй. Гэхдээ л зохион байгуулсан хүмүүс нь цар тахлын хатуу хөл хорионы журмыг зөрчсөн. Нэг дор 40-50 хүн амны хаалтгүй цуглуулсан. Харин хараат бус, шударга үнэнийг мэдээлэх ёстой сэтгүүл зүйн бүтээл болох мэдээг өргөн нэвтрүүлгийн сувгууд давуу талаа ашиглан хамтарч хийж болохгүй. Социалист нийгмийн үед л нэг өнцгөөс бэлдсэн мэдээг нэг сувгаар цацдаг байсан юм. Өнөөгийн нийгэмд эл үйлдэл нь иргэдийн мэдэх эрх чөлөөнд халдаж буй хэрэг. Мөн төр хэвлэл мэдээллийг санхүүжүүлж болохгүй гэсэн хуультай.

-70,80-аад онд хэвлэл мэдээллийн бүх сувгаар ухуулга хийх гэж ижил утгатай мэдээлэл түгээдэг байсан гэсэн. “Мэдээллийн урсгал” хөтөлбөр үүнтэй төстэй байна гэсэн үг үү.

-Тийм. Эрх баригч  нарын яриаг  найман телевизээр цацаж байгаа нь “тархи угаалт” юм. Социализмийн үед ашиглаж байсан эл аргыг одоо хойд Солонгос, БНХАУ, ОХУ хэрэгжүүлдэг. Жишээлбэл, CGTN телевиз бол хятадын төрийн хяналт дор дэлхийн 30 улсад мэдээ дамжуулдаг суваг. Харин манай улс ардчилсан учир мэдээг хараат бус  байдлаар түгээдэг. Үнэн, хөдөлшгүй баримттай, мэргэжлийн байх ёстой мэдээллийн хөтөлбөрийг үзэл суртлын хороогоор дамжуулж байгаа юм шиг нэвтрүүлж болохгүй. Түүнчлэн “Мэдээний урсгал” мэдээллийн хөтөлбөр нь  2017 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж буй Монголын мэдээ сувгийн 11.00-14.00 цагийн хөтөлбөрийн форматыг тэр чигт нь хуулсан байна. Энэ бол оюуны өмчийн хулгай.

-“Цагийн хүрдийг зогсоох гэж байгаа юм уу” гэх асуултыг ямар учраас тавив?

-“Цагийн хүрд”-ийн хөтлөгч МУСГЗ Б.Ганбаатар, Ш.Бямбацогт нар “Мэдээллийн урсгал” мэдээллийн хөтөлбөрийг хөтлөх гэж байгаад татгалзсан. МҮОНРТ-ийн хуулийн 13.2.2 заалтаар хориотой. Өөрөөр хэлбэл “Цагийн хүрд”-ийн нэвтрүүлэгч өөр телевизийн мэдээний сувгийн өрөөнд сууж, хөтөлж болохгүй гэсэн үг. Хоёр хөтлөгч нь өөр телевизийн мэдээллийн хөтөлбөрийг хөтөлсөн бол “Цагийн хүрд”-ийг яаж үргэлжлүүлэх байсан юм. Тиймээс л МҮОНРТ-ийн захиралаас эл асуултыг асуусан юм. Гэж мэдээллээ.

Мөн МҮОНТ-ийн захирал  А.Бүрэнбаатараас энэ талаар тодруулахад “Цагийн хүрд бол МҮОНРТ-ийн гол мэдээллийн хөтөлбөрт учир өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэлье. Хоёр нэвтрүүлэгчийн талаарх мэдээллийг одоогоор өгөх боломжгүй” гэв. 

    Эл нэвтрүүлэг эфирээр цацагдсан эхний өдрөө л мэргэжлийнхний дунд шүүмж дагууллаа. Мэдээллийн хөтөлбөрүүд өөр өөрийн олж харсан өнцгөөс мэдээлж нийгэмд өрсөлддөг. Засгийн газраас санхүүжүүлсэн төсөлд сэтгүүлчид оролцож, мэдээлэл түгээхдээ “шударга, үнэн” гэх нь зөв үү. Өнөө цагт иргэдийн төлсөн татвараар хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан өөрсдийгөө суртчилж буй нь зүй ёсны хэрэг үү. Тэр ч бүү хэл Засгийн газар дэргэдээ ХМБ-тай байж болохгүй гэж хуульд заасан байдаг. Дээрх мэдээллийн хөтөлбөрийн зочид сэтгүүлч нарын асуултад өөрсдийгөө зөвтгөсөн тайлбар л өгч байна шүү дээ.

Нэг сэтгүүлч “Мэдээллийн урсгал”-ын талаар өөрийн цахим хуудсандаа “Нас баралт нэмэгдэж, өнөөдөр гэхэд найман хүн амьдралаас буцаж, өдрөөс өдөрт халдвар нэмэгдэж байхад “Шангрила”-д байрлан нүүр будалттай, ганган дэгжин, санхүүжилтээ дэлгэцэндээ нааж гоёсон ийм мэдээ бэлтгээд баахан дарга уриад сууна гэдэг жинхэнэ гутамшиг. Засаг төрийнхөө энэ их хайр хишгийг яаж даана даа. Үзэх мэдээг минь хүртэл нэгтгээд нийлүүлээд гоё нэртэй болгочихож. Үүгээрээ дандаа гоё болж бүтэж байгаа мэдээ цацна, агуу удирдагчдаа магтана. Ямар вэ” гэжээ. Нээрээ л дэлхийн ардчилсан орнуудаас хуучин аргаа сэргээн ашиглаж буй  анхны улс Монгол боллоо. Дөрөв дахь засаглал буюу мэргэжлийн сэтгүүлзүй 10 жилийн дараа устана судалгааны дүн батлагдсаны дохио юм болов уу.

5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.