УИХ-ын дахь асрах үйлчилгээний нөхцөл, шаардлагыг нягтлах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан нар Япон Улсад туршлага судлаад ирсэн талаараа өчигдөр мэдээлэл хийв. Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Д.Энхтуяа, М.Нарантуяа-Нара, С.Эрдэнэбат нар багтсан бөгөөд тэд Японы ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилахуйн үйчилгээтэй танилцсан байна.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа “Манай ахмад настнуудын 47 хувь нь бие махбодын, 65 хувь нь сэтгэл зүйн, 30 хувь нь үл хайхрах хүчирхийлэлд өртдөг гэсэн судалгааг ХЭҮК-оос гаргасан. Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалах тухай хууль зайлшгүй шаардлагатай” гэсэн бол гишүүн О.Саранчулуун “Өдгөө 10 хүн тутмын нэг нь ахмад настан бол 30 жилийн дараа эл үзүүлэлт тавд нэг болж өснө гэсэн судалгаа бий. Өнөөдрийн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө, ирээдүйд өөрсдийнхөө амьдралыг сэтгэл тайван угтахын тулд одооноос өөрчлөлт, шинэчлэл хийх хэрэгтэй” хэмээв.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан “387.5 мянган ахмад настнаас гадна 111.2 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрх ашгийг давхар хангах, хамгаалахын тулд бид асрах үйлчилгээний анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаа. Японд иргэд нь 40 нас хүрмэгцээ асрах үйлчилгээний даатгал төлж эхэлдэг. 65 нас хүрэхэд уг үйлчилгээг авах эрх нь нээгддэг юм билээ. Төлбөрийн 70-аас дээш хувийг нь төрөөс хариуцдаг тогтолцоотой. Гэх мэтчилэн бусад орны сайн туршлагыг судалж, иргэддээ урт наслах, ирээдүйгээ өөдрөгөөр харах итгэлийг нь энэхүү хуулиар дамжуулан өгөх нь зүйтэй” гэсэн юм.
Япон Улс асран хамгаалах шаардлагатай иргэдийг долоон түвшинд ангилж үнэлээд үүний дагуу төрийн болон төрийн бус байгууллагууд нь хамтран ажилладгийг УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нэмж хэллээ. Мөн тэрбээр тухайн орон нутгийн засаг захиргааг ахмад настнуудын нийгмийн оролцоо, бие даан амьдрах чадварыг хэр хангасан байдлаар нь үнэлж, урамшуулал олгодог нь зөв санагдсан гэв.
М.Гэгээ