Хөл бөмбөгийн холбооны санхүүжилтийг шалгах түр хорооныхон урьдчилсан дүгнэлтээ танилцууллаа. Тус холбооны Төв аймгийн Зуунмод сумд байрладаг бэлтгэлийн байрыг барьцаалсан, Олон улсын хөл бөмбөгийн холбооноос төсөвлөсөн мөнгөний зарцуулалт тодорхойгүй тул түр хороо байгуулж, шалгуулахыг холбооны гишүүд, тамирчид шаардсан юм. Хөл бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Уг нь түр хорооны гишүүд зөвлөлийн хурлаас багадаа 10 хоногийн өмнө дүгнэлтээ танилцуулах ёстой байж. Гэвч гүйлгээний баримтуудыг дөрөв хоногийн өмнө, 2023 оны зарлагыг л гэхэд дүгнэлтээ танилцуулах өдрөө буюу 21-нд хүлээн авсан гэнэ. Өөрөөр хэлбэл, холбооны удирдлага түр хорооны ажиллах нөхцөлийг бүрдүүлээгүй гэв.
Түр хорооныхон “Холбооны өмчийг барьцаалж авсан зээл маш олон байна. Холбооны дэргэдэх бэлтгэлийн байрыг 500 сая төгрөгөөр хоёр удаа барьцаалжээ. Бэлтгэлийн байрны зээлийг төлсөн ч санхүүжилтээ яаж шийдсэн нь тодорхойгүй. Уг байрны барилгын ажлыг Олон улсын хөл бөмбөгийн холбооноос санхүүжүүлсэн. Гэтэл Олон улсын хөл бөмбөгийн холбооны дүрмийг зөрчиж, бэлтгэлийн байраа барьцаалж зээл авсан байна. Мөн барилгын засварын ажил гэх өндөр дүнтэй зарлага олон. Үүнийг шалгах гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл бидэнд олдсонгүй. Уг нь ийм өндөр дүнтэй ажлуудыг тендер зарлаж гүйцэтгүүлэх ёстой. Энэ бүхнээс Хөл бөмбөгийн холбоог тойрсон ашгийн төлөөх байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс бий гэж харж байна.
Холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Т.Дагвадорж “Холбоо 2023 онд 3.8 тэрбум төгрөгийн өртэй байсан. 2024 онд 1.8 тэрбум төгрөг нэмэгдэж, нийт өр 5.6 тэрбумд хүрсэн” гэж танилцуулж байсан. Гэтэл гишүүн байгууллагуудаас олгосон санхүүжилт, төсвийн зарцуулалтыг хянаж үзэхэд өр үүсэх ямар ч боломжгүй. Ийм байхад хувь хүн, банк бус санхүүгийн байгууллага, холбооны гишүүдээс удаа дараа хүүтэй мөнгө зээлсэн нь баримтаар тодорхой боллоо.
Мөн Хөл бөмбөгийн холбооны мөнгөөр Удирдах зөвлөлийнхөн гэр бүлийн гишүүддээ тийз захиалсныг гүйлгээний хуулгаар баримтжуулсан. Түүнчлэн Удирдах зөвлө лийн гишүүд маркетингийн зардал нэрийн доор өөрсдөдөө урамшуулал гэж жил бүр 2-10 сая төгрөг олгожээ. Нөхцөл байдал хүнд байхад ийм мэтийн зардлыг тэвчиж болох байсан” гэлээ. Олон улсын хөл бөмбөгийн холбоонд 1998 онд нэгдсэнээс хойш тус байгууллагаас олгосон санхүүжилтийг ил болгох хүсэлтийг байнга тавьсаар ирснээ ч тэд онцлов.
Харин Хөл бөмбөгийн холбооныхон “Удирдах зөвлөлийн гишүүд нь Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу бие даасан, хараат бусаар ажиллах үүрэгтэй. Үүний дагуу үнэнч, шударгаар ажиллаж байгаа. Хөл бөмбөгийн хөгжлийг сааруулж буй аливаа шийдвэр, үйлдэл бүрийг таслан зогсоохын төлөө үргэлжлүүлэн ажиллахыг мэдэгдье.
Сүүлийн үед үүсээд буй нөхцөл байдлыг далимдуулан ашиг хонжоо хайгч цөөн хэдэн хүн байгаа. Зохион байгуулалттайгаар зөвлөлийн гишүүдэд шахалт дарамт үзүүлж, сүрдүүлж буйгаа зогсоохыг тэднээс шаардаж байна. Энэхүү оролдлогыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс цаашид хуралд зөвхөн зөвлөлийн гишүүд оролцуулна” гэжээ.
А.Үүл