Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Нам дагавал ам тосоддогийн сонгодог жишээ бол УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг юм. Бизнесийн салбарт, тэр дундаа ном, сэтгүүл хэвлэх компанид ажиллаж байгаад МАН-ын ивээлд орсноосоо хойш улс төрийн “цахилгаан шат”-аар өгсөж, хэдхэн жилийн дотор л улсын гадаад бодлогыг атгах хэмжээнд хүртлээ дээшилсэн намтар түүнийх. МУИС, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Нидерландын Маастрихтын менежментийн их сургуульд олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр боловсрол эзэмшсэн тэрбээр “Мөнхийн үсэг”, “Аз хур” компанийг үүсгэн байгуулж, удирдлагын багийг нь ахалж байснаа 2016 онд гэнэт л Гадаад харилцааны дэд сайд болж, улс төрийн тавцанд гарч ирсэн.
Энэ хүртэлх замаа засахын тулд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллах зэргээр намдаа хүчин зүтгэсэн аж. Төрийн, тэр тусмаа дипломат алба хашсан туршлагагүй ч намаараа дамжин сайдын сэнтийд хүрч болдгийн жишээ энэ. Ялангуяа МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллах үед зөвлөж байсныхаа ачаар өдий хүрсэн гэдэг. Товчхондоо, Б.Батцэцэг нь Төрийн тэргүүний талын хүн бололтой.
2020 оны УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд Б.Батцэцэг гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт өрсөлдсөн ч ялагдсан. Гурван мандаттай тус тойрогт 20 нэр дэвшигч өрсөлдөхөд дөрөвт бичигдсэнээрээ тэрбээр жагсаалаас гарсан байдаг. Гэвч улс төрийн карьер нь ингээд дуусаагүй бөгөөд ялагдсан ч гэлээ МАН нь түүнд Гадаад харилцааны сайдын суудал “бэлэглэсэн” билээ. Тухайн үед У.Хүрэлсүх Засгийн газрын тэргүүн байсан юм.
Түүнээс хойш Б.Батцэцэг Гадаад харилцааны сайдаар тасралтгүй ажиллаж байна. 1990 онд буюу ардчилсан хувьсгалаас хойш эл салбарын сайдын суудалд түүн шиг олон жил тогтсон хүн байдаггүй юм билээ. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд гадаад харилцааны салбарт 16 сайд суудал сэлгэсэн бөгөөд ажилласан дундаж хугацаа нь 1.9 жил аж. Харин Б.Батцэцэг өдгөө тав дахь жилдээ ажиллаж байна. Цар тахлын үед дөнгөж амаржсан эмэгтэйг халаадтай нь эмнэлэг хооронд тээвэрлэсэн үндэслэлээр У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцроход ч суудал нь ганхаагүй. Бас өнгөрсөн оны сонгуулийн дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа шинэчлэн байгуулахад ч сайдын суудлаа хадгалсан юм. Түүнчлэн тэрбээр УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар есөн мандаттай нэгдүгээр тойрог буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж, жагсаалтын гуравдугаарт бичигдсэнээрээ парламентын гишүүний давхар дээлтэй болчхоод буй билээ.
Ийнхүү суудлаа хадгалаад буй нь түүний ард томоохон дэмжигч байдагтай холбоотой, нөгөө талаар намынхаа гол санхүүжүүлэгчдийн нэг байх магадлалтай гэсэн хардлага бий. Мөн улс төрийн албан тушаалтан атлаа хамаарал бүхий компаниуддаа өөрийн нам болон төрийн байгууллагуудын тендерүүдийг авч өгдөг гэх шүүмжлэл ч дагадаг. Өнгөрсөн онд буюу сонгуульд нэр дэвших үеийнх нь хөрөнгө, орлогын мэдүүлгийг нь харвал тэрбээр 10 компанид хувь эзэмшдэг, ямар нэгэн байдлаар хамааралтай аж. Тухайлбал, “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур”, “Экопак Монгол” зэрэг хэвлэлийн компанийг нь дурдаж болно. Эдгээр аж ахуйн нэгж нь төрийн байгууллагуудын маягт, үнэмлэх, саналын хуудас хэвлэх, бүр бичгийн цаас нийлүүлэх зэрэг тендерт тогтмол шалгардаг бөгөөд сайд Б.Батцэцэг үүнд нөлөөлдөг байх магадлалтай гэдгийг хэвлэлүүдэд мэдээлдэг.
Гадаад харилцааны салбарт тэрбээр гай тариагүй ч гавьяа байгуулаагүй, үндсэндээ намынхаа удирдлагуудын аясыг дагаж хөдөлсөөр ирсэн гэхэд болно. Сүүлийн үед дипломат төлөөлөгчийн газруудын томилгоотой холбоотой нэлээд шүүмжлэлд өртөж байгаа. Ялангуяа хамтарсан Засгийн газар байгуулснаас хойш Монгол Улсыг төлөөлж чадахааргүй, ёс зүйн алдаа гаргасан хүмүүсийг гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд руу, нэг ёсондоо “амралт”-д явуулж байхад салбарын сайдын хувьд үг дуугүй хүлээн зөвшөөрч буй нь олны дургүйцлийг төрүүлээд байна. Салбарт нь ийм бужигнаан өрнөсөөр атал сайд Б.Батцэцэг өнгө өнгийн торгон дээлээр гоёж, ийш тийш айлчлахаас өөрийг хийхгүй байгааг олон нийт шүүмжилж буй билээ.
М.Оч