NBA-ийн түүхэн дэх хамгийн дуулиант солилцооны нэгийг хийсэн “Даллас маверикс” багийн ерөнхий менежер Н.Харрисон яагаад ийм шийдвэр гаргах болсон талаар тайлбарлахдаа Л.Дончичийн хэд хэдэн алдаа дутагдлын талаар үг унагасан билээ. Хоолны дэглэм барьдаггүй, илүүдэл жинтэй хэмээн тэрбээр Лукаг “гоочилсон”. Гэвч сагсан бөмбөгийн агуу тоглогчдод ч өө сэв байдаг агаад тэд үүнээс үл шалтгаалан талбайд гялалзсан тоглолтоо үзүүлсээр ирснийг дараах оддын карьер харуулдаг.
Майкл Жордан
Төгс тамирчин, түүхэн дэх хамгийн агуу сагсан бөмбөгч хэмээх алдар нэрийн эзэн бол “нисдэг хүн” билээ. Талбай дээрх агуу тоглолтоороо тэрбээр өрсөлдөгчид, хөгжөөн дэмжигчдийн бахархлыг эрхгүй төрүүлдэг байсан. Гэвч агуу Майклд багагүй дутагдал байсныг бид мэднэ.
Тэрбээр тоглолтод ирэх бүрдээ машиндаа навчин тамхи татдаг байсан бөгөөд энэ нь тайвшрах, тоглолтдоо бэлтгэх боломж олгодог гэж ярьж байв. Түүнээс гадна Майкл ялахыг дэндүү их хүсдэг байлаа. Энэ нь талбай дээр түүнд амжилт авчирдаг байсан бол талбайн гадна олон таагүй явдлын үндэс болсон түүхтэй. М.Жордан казинод олон сая доллар алдаж байснаас гадна гольф, ширээний теннис, хөзөр тоглох бүрдээ заавал бооцоо тавихыг хичээдэг байжээ.
Ларри Берд
Түүхэн дэх хамгийн шилдэг цагаан арьст тоглогч гэгддэг Л.Берд олон сул талтай байлаа. Тэрбээр 1985 оны тавдугаар сард, “Дорнод” бүсийн аваргын төлөө “Филадельфи” багтай өрсөлдөж байх үеэр том хэрэг тарьсан. Л.Берд тоглолтгүй өдөр бааранд нэгэн хүнтэй зодолдож гараа гэмтээж байлаа. Ларри уг явдлаас нэг жилийн дараа “Би буруу үедээ буруу газраа байж таарсан юм” хэмээн тайлбарлаж байв.
Л.Берд шар айраг уух тун дуртай талаар 1992 оны олимпын наадамд хамтдаа оролцож байсан Ч.Баркли дурсан ярьж байлаа. Л.Бердийг хэдэн лонх шар айраг урдаа тавиад ууж байхад нь Ч.Баркли таарсан гэдэг. Тэрбээр уг үйл явдлын талаар саяхан өгсөн ярилцлагадаа “Би лав Ларри Бердтэй шар айраг ууж чадахгүй юм билээ. Дэлхийн хамгийн хатуу “Budweiser” шар айрганд тэр дуртай. Түүнтэй хамт ууснаас болоод миний толгой хоёр өдөр өвдсөн” гэж дурссан.
Шакил О`Нил
Хэрэв хөдөлмөрч, шаргуу бол хамгийн агуу сагсан бөмбөгчөөр нэрлэгдэх байсан хэмээн К.Брайант нэгэн удаа Ш.О`Нилийн тухай өгүүлж байв. Харин Шак өөрөө бэлтгэл дээр өөрийгөө бүрэн дайчилдаггүй, залхуурдаг байсан гэдгээ өчсөн билээ.
Харин 2004 онд “Лейкерс” түүнийг “Майами” руу явуулсны дараа зарагддаггүй тоглогч гэж байдаггүйг тэрбээр ойлгосон. Тухайн үед өөрийг нь шүүмжлэгчдийг чимээгүй болгох, дахин аваргалахын тулд илүү их хөдөлмөрлөж эхэлсэн хэмээн өгүүлсэн байдаг.