Дэлхий дахинд хөдөө аж ахуйд ашиглах боломжгүй болж буй газрын хэмжээ өнгөрсөн онд Оросын нийт нутаг дэвсгэртэй бараг тэнцэхэд хүрчээ. Игорь Серебряный, Илья Аразуманов нарын бичиж “Эксперт” сэтгүүлд нийтлүүлсэн материалд ийн өгүүлсэн байх юм.
Үржил шимгүй цөл болж буй газрын талбай жил бүр нэг сая ам километрээр нэмэгдсээр 2024 онд нийтдээ 15 сая ам километр болж, тэнд 1.2 тэрбум хүн аж төрж байна. ОХУ 17 сая ам километр газар нутагтай, жил бүр цөл болж буй энэ нэг сая ам километр газар шороо дотоодын нийт бүтээгдэхүүнээс нь 10 орчим их наяд ам.доллар “сорох” болж. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх байгууллагаас 2024 оны арванхоёрдугаар сарын 1-нд нийтлүүлсэн тайланд ийн дурджээ. Тус байгууллагын ивээл дор Цөлжилттэй тэмцэх конвенцын оролцогч орнуудын XVI уулзалт Эр-Риядад болжээ. НҮБ-ын цаг уурын өөрчлөлттэй тэмцэх бага хурлууд шиг “жингэр хуцаж л байг, жингийн цуваа явж л байна” гэдэгчлэн энэ бага хурлын тоо нэмэгдээд л байвч дэлхийн газрын хөрсний сөрөг үйл явцад ямар нэг нөлөө үзүүлсэнгүй. Энэ санамсаргүй юм биш, цөлжилт хийгээд температурын өсөлт нь хоорондоо олон арван хүчин зүйлээр холбоотой байдаг аж. Тэдгээрийн багахан хэсэгт нь нөлөөллөө ч бусдыг нь хайхрахгүй аваас тогтолцооны байдал нь бүхэлдээ үл өөрчлөгдөнө.
Цөлжилтийн эсрэг бага хурлын материалыг бэлтгэсэн Потсдамын цаг уурын өөрчлөлтийг судлах хүрээлэнгийн мэргэжилтнүүд хөдөө аж ахуйн эдэлбэр газрын хэмжээ багасах нь нүүрсхүчлийн хийг шингээх экосистемийн чадварыг хумьж, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлдэг болохыг онцлон тэмдэглэжээ. Үүнээс үүдээд хүнсний үйлдвэрлэл буурч, ядуурч буй газар нутгийн хэмжээгээр цэрэг, дайны шинэ зөрчил тэмцэл ихсэж, цаг уурын өөрчлөлт болон эдийн засгийн доройтол, дайн байлдаанаас зугтагсдын тоо нэмэгдэж байна.
Цөлжилтийн эсрэг бага хуралд оролцогчдын нэлээд нь экологи хийгээд хүнсний аюулгүй байдлыг шийдэж чадахгүйд хүрчээ. Хагалсан газар, ой мод, бэлчээр, нуга зэрэг нь 11 мянган жилийн хугацаанд агаараас нүүрсхүчлийн 30 хувийг нь залгиж орхисон байна. Ердөө сүүлийн 10 жилд л гэхэд нүүрсхүчлийн уусгах чадвар 20 хувиар багасжээ. Гайхалтай нь дэлхий дахинд хөдөө аж ахуйд оруулж буй хөрөнгийн 90 хувь нь байгалийг мөлжих маягаар ашиглахыг хөхиүлэн дэмжихэд түлхэц болж байгаа аж. Цаг уур судлах Потсдамын хүрээлэнгийн баримтаар бол ХХ зууны эхэнд манай гараг дээрх ой модны ердөө 60 хувь нь 2024 он болоход үлдсэн бөгөөд цаашдаа экосистемийг жамаараа нөхөн сэргээгдэхэд ойн 75 хувьд нь гар хүрэхгүй байх ёстой гэж байгаль хамгаалагчид үзжээ. Сүйтгэгдсэн экосистемийг тэнцвэртэй болгоход бидний нэлээд хэдэн үеийн шаргуу хөдөлмөр шаардагдах нь.
“Өнөөдөр дэлхийд ноёлж буй хөдөө аж ахуйг хөтлөх тогтолцоогоор хөрсний үржил шимийг сэргээх нь үнэхээр бэрх” гэж Москвагийн их сургуулийн хөрс судлалын танхимийн профессор Дмитрий Хомяков “Эксперт” сэтгүүлийн сурвалжлагчид ярьсан байна. “Дэлхий дээрх хагалсан газрын талбайн хэмжээ 1.64 тэрбум га-д хүрээд буй. Нэг га-гаас авах үр тариагаар таван хүнийг үг хэлгүй хооллож чадна. Газрын эрүүл хөрсний өнөөгийн хэрэгцээ, хүн амын өсөлтийн хурдцын нөхцөлд ашиглах боломжтой талбайн хэмжээ 2050 он гэхэд үүнээс бага байна. Тэгэхдээ газрын эрүүл хөрс дутагдах хэмжээ бүс нутгуудад адил тэгш биш, Европын Холбоонд нэг хүнд дунджаар 0.35 га ногдож байгаа бол Орост энэ үзүүлэлт 0.73 га. Тус улсын Шинжлэх ухааны академийн баримтаар нутаг дэвсгэрийнхээ 22-оос илүүгүй хувийг хөдөө аж ахуйд ашиглаж байгаа юм. Хагалах газраа нэмэгдүүлэхэд толгой өвдөхгүй байх дэлхийн цөөхөн орны нэг нь Орос”.
Өмнөд Ази, Хятад, АНУ-ын Калифорни муж, Газар дундын тэнгис орчимд хөрс эрчимтэй доройтож байна. Орост ч ялгаагүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг үйлдвэрлэдэг 100 сая га газарт, ялангуяа өмнөд нутаг, Алтай, Тувад цөлжилт эрчимжиж, хөрс доройтжээ. Энэ нь үржил шимтэй газар дутагдсантай холбоогүй, түүнийг зэрлэг, хайр найргүй ашигласнаас үүдэлтэй гэж хөрс судлаач үзэж буй. “Газрыг нь тариаланд юм уу, бэлчээр болгож ашиглахаар ой модыг тайрч, талбайг бетонон биш хоолойгоор усалснаас хөрсийг нөхөн сэргээж чадахааргүй хэмжээнд элэгдүүлж байна. Зай талбай хомсодсоноос биш, түүнийг хайр гамгүй ашигласнаас үйлдвэрлэж буй хөдөө аж ахуйн үр тарианы хэмжээ чинээндээ тулсан. Европт бүр хүнсний хэт үйлдвэрлэл ажиглагдаж, бүтээгдэхүүний 25 хүртэлх хувь нь хог дээр хаягдах болжээ. Өөрөөр хэлбэл, ядуу орнууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, баян улсууд нь хорогдуулах замаар биш, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ шударгаар дахин хуваарилж байж асуудлыг шийдэх болоод байгаа юм.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хамгийн сүүлийн үеийн үнэлгээгээр 2023 онд дэлхий дээр 733 сая хүн буюу манай гаргийн 11 дэх оршин суугч бүр өлөн зэлмүүн аж төрж байгаа аж. 2022 оноос хойш энэ тоо 9.6 саяар нэмэгдсэн байна. Нэг жилийн хугацаанд өдөр тутмын калорын хэрэгцээгээ хангахуйц хүнс хэрэглэж чаддаггүй хүмүүсийг тус байгууллага өлсөж буй юм уу, цадталаа хооллодоггүй гэж үздэг аж. Сүүлийн жилүүдэд өлсгөлөнтэй хийсэн тэмцэлд гарсан өргөн цар хүрээтэй дэвшил буурч буй нь цар тахал, зэвсэгт тэмцэл, мөргөлдөөн зэрэг олон хүчин зүйлтэй холбоотой. 2018 оноос өлсгөлөн хүмүүсийн тоо байнга нэмэгдэж, зургаан жилийн дотор 176.6 саяар өсжээ. Өнгөрсөн 12 жилтэй харьцуулбал, 2005-2017 онд энэ тоо 531 сая болсон байх юм. Уг тоо баримтаас харахад өлсгөлөнг 2030 онд гэхэд устгах НҮБ-ын тавьсан зорилт биелэхгүй нь. Өлөн зэлмүүн хүмүүсийн талаас илүү (52.4 хувь) нь Азийн, 40.7 хувь нь Африкийн оршин суугчид байгаа юм.
Өлсгөлөнгөөс гадна “хүнсний аюулгүй байдлын дутагдал” гэж айхавтар зүйл байгааг дээр өгүүлсэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага онцлох боллоо. Үүнийг тус байгууллага гурав ангилж, хүмүүс хүнсний нөөцгүй, жилийн хугацаанд нэг юм уу, түүнээс олон өдөр хоолгүй байхыг хүнд, эрүүл хүнс хүрэлцэхгүй, үе үе хоолгүй байхыг аядуу, хүнс тасрахгүй байх, эсэх нь тодорхойгүй байвал хөнгөн хэлбэрийн өлсгөлөн гэж үздэг байна. 2023 онд 2.3 тэрбум буюу дэлхийн гурван хүн тутмын нэг нь аядуу болон хүнд хэлбэрийн өлсгөлөнгийн золиос болж байжээ. Тэгвэл 864.1 сая буюу есөн хүний нэг нь хөнгөн хэлбэрийн өлсгөлөнд нэрвэгдэж байв.
2022 онд тав хүртэлх насны 45 сая хүүхэд тураалаар шаналсан нь дэлхийн энэ насны 15 хүүхдийн нэг нь гэсэн үг. Эдний 70 хувь нь буюу 31.6 сая нь Ази, 27 гаруй хувь нь буюу 12.2 сая нь Африкт амьдарч байжээ. Үүнээс гадна тав хүртэлх насны 148.1 сая (22.3 хувь) хүүхдийн өсөлт зогссон байна. НҮБ-ын Хүүхдийн сан (ЮНИСЕФ)-гийн баримтаар цадталаа хооллохгүй байгаа нь тав хүртэлх насны хүүхдийн үхлийн бүх тохиолдлын тэн хагасынх нь шалтгаан болж байдаг гэнэ.
Дэлхий дахинд өлсгөлөн нэмэгдэж байгаагийн цорын ганц, хамгийн чухал хүчин зүйл нь цөлжилт бас биш юм. Олон шалтгаан байгаагийн дотор эдийн засаг, хүн ам зүйн, нийгмийн хүчин зүйлүүд багтсан байна. Эдгээрийн хамгийн ноцтой нь зэвсэгт тэмцэл, мөргөлдөөн, ядуурал зэрэг бөгөөд энэ нь хөгжил дорой бүс нутгуудад байдлыг улам бүр хүндрүүлж буй юм. Байгаа хүнсний зүйлдээ аривч хямгач бишээр хандаж байгааг бас мартаж болохгүй.
Р.Жаргалант