“Лоринэт” сангийн дэмжлэгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийн баг “Хүүхдийн ном бүтээх феллоушип” хөтөлбөрт хамрагдах уран бүтээлчдийн эрэлд гарчээ. Тус төслийнхөн 2023 онд уг хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж, хүүхдийн номын зохиолч, зураачдад Монголын болон гадаадын туршлагатай уран бүтээлчид, хэвлэн нийтлэгчдээс суралцах боломжийг олгож байсан юм. Тэгвэл энэ удаа мөн олон улсын нэр хүндтэй зохиолч, зураачдаас туршлага судлах боломжийг монгол уран бүтээлчдэд олгож, хоёр сарын хугацаанд лекц, семинарт хамруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрт 18 ба түүнээс дээш настай, хүүхдийн ном зохиож байсан туршлагатай, эсвэл бүтээх сонирхолтой, хөтөлбөрийн бүх сургалт, семинарт хамрагдах боломжтой, бүтээлд нь өгсөн санал, сэтгэгдлийг нээлттэй хүлээн авах чадвартай байх зэрэг шаардлагыг тавих аж. Бүртгэл нь ирэх сарын 7-нд дуусах бол үндсэн сургалт нь 4-6 дугаар сард үргэлжлэх нь.
Н.Мишээл