Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдаж, энэ жилийн наадмын нээлт, хаалтын ёслолыг найруулан зохион байгуулах багийг сонгожээ. Олны анхааралд ихэд өртдөг, наадмын нээлт, хаалтын арга хэмжээг удирдан зохион байгуулах найруулагчаар энэ удаа Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын захирал Н.Наранбаатарыг сонгох саналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас гаргасан аж. Уг саналыг үндэсний хорооны гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулахдаа сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан, олон үндэстэн, ястны түүх уламжлал, өв соёл, төрт ёсны үнэт зүйлийг харуулах нь зүйтэй гэдгийг үндэсний хорооныхон онцолсон байна. Тиймээс нээлт, хаалтын арга хэмжээний агуулгад онцгой анхаарч, сонирхолтой хэлбэрээр бэлдэх хэрэгтэйг сануулжээ.
Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр алдаа дутагдал их гарсан учраас энэ удаад бэлтгэл ажилд тавих ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ. Уг ажлын хэсгийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин ахлах юм байна. Түүнчлэн баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, үндэсний бөхийн барилдааныг телевизүүдээр хэрхэн шууд дамжуулахыг судалж, дараагийн хуралдаанаараа хэлэлцэхээр болсон аж. Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах төсвийг эцсийн байдлаар тооцон гаргахыг холбогдох албаныханд даалгасан гэнэ. Наадам зохион байгуулах хорооныхон нээлт, хаалт, хүндэтгэлийн концертын бэлтгэл ажлын явцтай ирэх зургаадугаар сарын 15-нд танилцахаар тогтжээ.
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр наадам энэ жил тохиох юм.
М.Оч