Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор санаачилсан “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран хэд хэдэн ажил хийж байгаагаа танилцуулав. Нэгдүгээрт, арьс, шир, ноос, ноолуурын үйлдвэрлэлд ашигладаг химийн хортой, аюултай бодисын хэрэглээг бууруулахад анхаарч байгаа гэнэ. Үүний хүрээнд химийн бодис ашиглалтын мэдээллийн сан бий болгох, шинжлэх, хянах лабораторийн чадавхыг сайжруулах, зарим төрлийн бодисыг орлуулах технологи нутагшуулах, хаягдлыг багасгаж, дахин ашиглалтыг дэмжих цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Хоёрдугаарт, боловсруулах үйлдвэрлэлийн усны ашиглалтад анхаарч, хяналт тавьж буй аж. Энэ ажилтай холбогдуулан Ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх бохир ус, ерөнхий шаардлага MNS 6561 стандартыг шинэчлэн баталжээ. Үйлдвэрлэл, үйлчилгээний явцад бий болсон усыг өмнө нь нэг ангилалд багтааж, бүгдэд нь ижил төрлийн шаардлага тавьдаг байсан бол шинэчилсэн журмаар найрлагаас нь шалтгаалан 12 ангилж, хоногт гарах бохирын агууламж, хэмжээнээс хамаараад цэвэрлэгээний түвшний шаардлага, үзүүлэлтийг нь нарийвчлан тусгажээ. Эдгээр зохицуулалт нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд, мөн аж ахуйн нэгжүүдийг урьдчилан цэвэрлэх байгууламжтай болгоход чухал хөшүүрэг болох гэнэ.
Түүнчлэн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг орон нутгийн түвшинд батлуулдаг болгох, химийн хортой, аюултай бодисын зөвшөөрлийн системийг ашиглалтад нэвтрүүлэх чиглэлээр дээрх хоёр яамныхан хамтран ажиллаж байгаа аж.
Н.Мишээл