2020 оны арванхоёрдугаар сарын 13. “Улсын хэмжээнд айл өрх, зарим аж ахуйн нэгжийн эрчим хүч, дулаан, усан хангамж, хогны төлбөрийг төр хариуцах түүхэн шийдвэр гаргалаа. Цар тахлыг хүндрэл багатайгаар даван туулах боломжийг иргэн, аж ахуйн нэгжүүддээ олгохын тулд ийм шийдвэр гаргаж байна” гэж Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх бахархалтайгаар мэдэгдэв. Эл шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгжүүд 2021 оны долоодугаар сарын 1 хүртэл цахилгаан, дулаан, ус, хогны төлбөр төлөөгүй бөгөөд үүнд шаардлагатай 650 орчим тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” санхүүжүүлсэн, төр засаг иргэдээ маш их харж үзлээ гэж эрх баригчид нэг хэсэгтээ л пиар хийснийг уншигчид мартаагүй байх. Дээрх шийдвэрийг гаргасан У.Хүрэлсүх тухайн үедээ олны талархлыг хүлээж, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан билээ.
Гэвч юм бүхэн төлөөстэй, ялангуяа эрх баригчдын “бэлэг” хэзээ ч үнэгүй байдаггүйг иргэд одоо яс махандаа тултал ойлгож байна. Дарга нар нэг талдаа иргэдээ бодсон, халамжилсан, хайрласан, тэтгэсэн дүр эсгэдэг. Харамсалтай нь, нөгөө талдаа бидний халаасанд гараа илүү гүн дүрдгийн жишээ нь Засгийн газар эрчим хүчний реформ нэрээр иргэдийн нуруунд хүнд ачаа үүрүүлж буй нь юм. Реформ гэх нэртэй ч ард иргэдийнхээ халааснаас илүү ихийг авах гэсэн оролдлогын үр дүнд бид өдгөө цахилгааныг 25-103 хувиар нэмэгдүүлсэн үнээр хэрэглэж байгаа. Тодруулбал, нэг кВт/цаг цахилгааны үнэд 140 төгрөг төлдөг байсан хэрэглэгчид одоо 175, 256, 285 төгрөг гэх шаталсан тарифын дарамт дороос өндийж чадахгүй амьдарч байна. Утааг бууруулахад хувь нэмрээ оруулахын тулд халаалтаа цахилгаанаар шийдсэн айлууд илүүтэй хохирч, сарын төлбөр нь сая төгрөгөөс ч давах болсонд бухимдаж байгаа.
Харин Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн реформ үр дүнд хүрч байгааг онцолж, “Он гарснаас хойш эрчим хүчний хязгаарлалт хийгээгүй” хэмээн биднээр даажигнав. Бас халаалтаа цахилгаанаар шийдсэн айлуудыг харж үзнэ, шөнийн тарифын хөнгөлөлтийг сэргээнэ гэж мэдээлсэн нь олон нийтийн шүүмжлэл, бухимдлыг түр намжаах арга бололтой. Энэ нь яг үнэндээ эцэслэчихсэн шийдвэр ч бус, зүгээр л иргэдийг тайвшруулах гэсэн яриа юм.
Цахилгааны үнэ тойрсон үйл явдлууд ийнхүү үргэлжилж байхад реформынх нь удирдан зохион байгуулагч Шадар сайд Т.Доржханд таг чиг. Эцсийн дүндээ үнэ нэмэхийн тулд л реформ гэдэг үг гаргаж ирснээс бус, тус салбарт шинэчлэл хийх бодол Засгийн газарт ер байгаагүйг өнгөрсөн гурав хүрэхгүй сарын дотор өрнөсөн үйл явдлууд бидэнд хангалттай харууллаа. Харамсалтай нь, иргэдийн төлөх “өр” үүгээр дуусахгүй. Цар тахлын үед дулааны төлбөрөөс түр чөлөөлөгдсөн бид ирэх тавдугаар сараас 50 хувиар нэмэгдүүлсэн тарифын дарамтыг хүлээн авах бэлтгэлтэй байх хэрэгтэй.
Бид “Эрдэнэт үйлдвэр”-ээр төлүүлсэн цахилгаан, дулаан, ус, хогны зургаан сарын төлбөрөө дөрвөн жилийн дараа эрчим хүчний компаниудыг алдагдалгүй болтол нь буюу хэд дахин давуулах байдлаар эргүүлэн өгч буйгаа ойлгох учиртай. Эрчим хүчний сайд нь ч үүнийг батлан “Эрчим хүчний төрийн өмчит компаниуд алдагдалгүй ажиллаж эхэлсэн” гэж хэлсэн байна лээ. Тэр бүү хэл, эрчим хүч экспортлох талаар ч яриад эхэлсэн.
“Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л бий” гэдгийг тунгаах ёстойг, бас эрх баригчдын өгсөн амлалт эргээд өндөр төлөөс шаарддагийг дээрх үйл явдлууд бидэнд ойлгуулж байна.
М.Оч