Нийслэлийн хүн амын ирэх хаврын хэрэгцээнд зориулж нийт 10 мянган тонн мах нөөцөлснийг худалдаанд гаргаж эхэлсэн. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхантай гэрээ байгуулсан 10 аж ахуйн нэгж мах нөөцөлсөн бөгөөд 40 хувь нь үхрийнх, 60 хувь нь хониных аж. Энэ жил нөөцийн махыг үйлдвэрийн аргаар бэлтгэж, 2.5-3 кг-аар савлаад, энэ сарын 7-ноос 100 гаруй дэлгүүрт борлуулж эхэлсэн юм. Тэгвэл мах борлуулах цэгийн тоог өчигдрөөс нэмэгдүүлж Улаанбаатарын хэмжээнд нийт 446 дэлгүүрээр зарж эхэлсэн гэнэ. Үхрийн ястай мах 13 800, хониных нь 11 800 төгрөгийн үнэтэй юм байна.