Үндэсний бөхийн гэрэл зурагчин Х.Хашиймаатай ярилцлаа. Тэрбээр үндэсний бөхийн зургийг дагнан авдаг цорын ганц эмэгтэй зурагчин юм.
-Таны үндсэн мэргэжил нягтлан бодогч гэж сонссон. Хэзээнээс гэрэл зураг сонирхож эхэлсэн бэ?
-Би 1996 оноос хойш өдий хүртэл 29 жил үндэсний бөхийн зураг дагнан авч байна. Уг нь нягтлан бодогч мэргэжилтэй. Анх ажлынхаа хажуугаар хоббигоороо л бөхийн зураг авдаг байв. Гэр бүлийн хүн маань бөх үзэх дуртай, ихэд хүндэтгэн дээдэлдэг. Надаас өмнө охин минь гэрэл зураг авах хоббитой, зав гарвал л зураг дардаг байлаа. Олон жилийн өмнө охин минь “Зенит” аппарат авч, үндэсний бөхийн хэд хэдэн зураг дарчхаад ирсэн юм. Тэр үед л зураг дарах сонирхол төрсөн гэх үү дээ. Үүний дараа охин их сургуулиа төгсөөд, айлын бэр боллоо. Ингээд л би гэрэл зурагчны халааг нь авсан. Түүнээс хойш үндэсний бөхийн зураг авч буй. Дуртай зүйл минь болохоор ядрахаа мэдэхгүй л ийш тийш явчихдаг талтай. Яаж ч ядарсан зургаа авчихвал их сайхан болчихдог. “Танай аймаг руу явлаа, ах, дүү, хамаатан садан бий юү” гэж танилуудаасаа асуугаад л яваад очно шүү дээ. Дараа нь зургийг нь угаалгаад, жаазлаад өгдөг юм. Тэгэхэд баярладаггүй хүн байхгүй. Дараа нь очиход манайд ирээрэй л гэнэ шүү дээ. Энэ ташрамд, малын эмч найзууддаа талархсанаа илэрхийлье. Малын гавьяат эмч Мандах, эхнэр нь Цэцэгсайхан гэж их сайхан гэр бүл бий. Миний хөл муу, ер нь өвддөг юм. Тэгээд л зургаа авах гээд наадмын талбай руу явахад нөхөр нь хүргэж өгнө. Орой ирэхэд эхнэр нь хоол, цай хийгээд хүлээж байдаг. Харин би ирээд л шууд зургаа янзлаад суучихдаг талтай. Тэгээд л хоол, цай хөрлөө ид, уу гээд л гуйлгаж гарна шүү дээ. Одоо үед цахим орчин эрчимтэй хөгжөөд бөхчүүд орой нь шууд л “Зургаа авъя” гэнэ. Тиймээс зургуудаа хурдан засаж, янзлаад явуулдаг юм. Би зургуудаа “Фүжи филм”-ийн Одноо дүүгээрээ угаалгадаг. Бүх зургийг минь янзалж өгнө. Зарим үед унтах зав байхгүй, зургаа авч явсаар үүр цайлгана шүү дээ. Тэгсэн хэрнээ огт ядрахгүй. Нэг үеэ бодвол манайхан зураг түүх болж үлддэгийг ойлгодог болжээ. Ер нь бөхчүүд зургаа сайн авдаг. Бүгд л холбогдоод “Зургаа авъя, эгч ээ” гэдэг юм. Намайг эмээ гэдэг хүн тун ховор. Тэгэхээр намайг их залуухнаар боддог байгаа биз.
-Нягтлан бодогч мэргэжлээр хэдэн жил ажилласан бол?
-15 жил мэргэжлээрээ ажилласан. Мөн жолоочоор 15 орчим жил ажилласан байдаг юм. Тухайн үед дээд сургууль төгссөн хэрнээ жолооч боллоо гэхэд хүмүүс их гайхдаг байлаа. Харин ээж минь их дуртай. Дараа нь морц бичиж сур гэж байв. Аливааг туршиж үз гэж их хэлдэг байлаа. Одоо бодоход намайг юм болгонд л дөртэй болгох гэж хичээсэн юм болов уу.
-Үндэсний бөхийн зураг авах хоббиндоо хөтлөгдөөд хашаа, башингаа зарж, зургийн аппарат худалдан авч байсан гэх юм билээ. Энэ үнэн үү?
-Зураг дарах маш дуртай учраас л тэр шүү дээ. Тухайн үед манайх зундаа хашаа, байшиндаа амардаг байлаа. Тэгээд л дуртай юм болохоор хашаа, байшингаа зараад, “EOS 5” гэдэг хальсны аппарат авчихсан. Гэрийнхэн ч нэг их дургүйцээгүй. Тэр үед хальсны аппаратаар л зураг дардаг байлаа шүү дээ. Ер нь хальс одоогийнх шиг устана гэх айдасгүй, хадгалж үлдэх боломжтойгоороо онцлогтой. Тэр аппаратаар авсан зургуудаа одоо хүртэл хадгалдаг. Хааяа үзэхэд тэр үеийн дурсамж сэргээд үнэхээр сайхан байдаг юм. Харин өнөө үед хальсны зураг угаадаг газар ховорджээ. Одоо би “Никон 7500” гэдэг камер ашигладаг.
-Зөвхөн үндэсний бөх төдийгүй байгаль, тэр дундаа тэмээний зураг дарах их дуртай байх аа?
-Хөдөөгүүр их явдаг. Улсынхаа 21 аймгийг тойрсон. Ингэхдээ сонин содон, соргог юу л байна бүгдийнх нь зургийг дарах гэж хичээдэг. Тухайлбал, Өмнөговь аймагт Динозаврын парк бий. Дорнодод Буйр нуураас эхлээд л үзэх олон сайхан газар байдаг. Тэр болгоны зургийг дарахгүй бол үнэхээр харамсалтай шүү дээ. Хүний амьдралд ер нь зураг л дурсамж болоод үлддэг. Тиймээс хаана ч явсан зураг дарахыг хичээдэг дээ.
-Мэх хийж буй торгон мөчийг алдаж болохгүй. Тэгээд бүр үзэгчдийн суудлаас зургаа авдаг шүү дээ. Тэгэхээр торгон мөчийг алдахгүй “барьж авахад” маш нарийн мэдрэмж шаарддаг байх?
-Тийм ч амар биш. Суудал дээрээс авч буй учраас камерын хүчин чадал, нягтаршил хүрэхгүй, гэрэл дутах үе бий. Харин өнөө цагт аппаратын хүчин чадал сайжирсан учраас мэх хийж байхад нь зураг авдаг боллоо.
-Үндэсний бөхийн гэрэл зургийн цуглуулгатай юм билээ. Хэдэн оноос цуглуулж эхэлсэн бэ?
-1996 оноос хойш цуглуулж буй. 2004 он хүртэлх хальсны аппаратаар авсан зургуудаа бүгдийг нь угаалгаад хадгалчихсан. Харин дижитал аппарат руу шилжсэнээс хойш хард дисктээ хуулж байгаа. Өдгөө тоог нь алдсан. Нэлээд олон зураг бий. Бөхчүүд зургаа авъя гээд холбогдоход нь нэлээд хайж байж л олж өгнө шүү дээ. Ер нь хаана ч барилдаан болсон тэр бүрд явна. Автобус, автомашин голохгүй л явчихдаг. Дуртай юм болохоороо ядарч, зовохыг мэдэхгүй л явна. Дархан-Уул аймагт 2024 оны сүүлчээр 1024 бөхийн барилдаан зохион байгуулахаар болсон юм. Тухайн үед тоондоо хүрэхгүй 512 бөх барилдсан. Мөн Өмнөговийн төв Ханбогдод болсон барилдааныг ч сурвалжиллаа. Энэ мэтээр хөдөө болсон барилдааныг ч алгасдаггүй. Анхандаа хүмүүс эмэгтэй хүн, тэгээд үндэсний бөхийн зураг авдаг гэхээр нэг их ойшоодоггүй байсан л даа. Харин сүүлдээ өөрсдөө дуудаад л авхуулдаг болсон.
-Гэрэл зураг авч эхэлснээс хойш таны амьдралд ямар өөрчлөлт гарсан тухайгаа хуваалцахгүй юу?
-Ерөөсөө л завгүй болчихдог. Энд тэнд болж буй бүх барилдаан руу явна гэхээр мэдээж ирж, очих гэж хугацаа шаардана. Хамгийн гол нь барилдаан үзээд би ч их баярлаж, омогшдог юм. Тэгээд л авсан зургаа эргүүлээд хүмүүстээ тараахаар маш их баярладаг. Зургаа авсан хүн баярлахаар бас дагаад л хөөрчихдөг хүн шүү дээ.
-29 жилийн хугацаанд авсан хамгийн дурсамжтай зураг юу байв?
-Өөрийнхөө зургийг хараад баярладаггүй хүн ховор. Тиймээс бүх зурагтаа хайртай. Дээхнэ үед муур шиг гэтэж яваад л аль болох ойроос зураг дардаг байв. Гэхдээ л зэрэгцээд сууж буй бөхчүүдийн урдуур орж чадахгүй. Тиймээс зайнаас яаж ийж байгаад л авна. Харин дараа нь харахад сэтгэлд өег байдаг юм. Анх “Зенит”-ээр зураг авдаг байхад бөхчүүд зургаа олон авхуулна. Би ч өөрийгөө голохгүй “За” л гэдэг. Одоо “Зенит”-ээ барьсан чинь ерөөсөө зураг авч чаддаггүй. Ямар сонин юм бэ гээд л нэг хэсэг бодсон. Тэгтэл “Зенит” маш бага хөдөлдөг юм байна. Тэгэхээр нь талбайн зурагчин Тулгабатаас лизингээр шинэ дуран авсан. Толгой шиг том дуран. Тэгээд л “Зенит” дээрээ тэр том дурангаа тавьчхаад А.Сүхбат аварга шуудгаа уяад зогсож байхад нь зургийг нь авсан юм. Тэр үед уг нь би зургийг нь авах гэж маш их хичээсэн. Тэгсэн хүмүүс урдуур, хойгуур нь яваад л, толгой шиг том дуран ч санжганаад л, арайхийн гараараа барьж байгаад л зургаа авсан. Энэ зурагт л нэлээд хүч хөдөлмөр зарцуулсан даа. Гэтэл зураг угаадаг хүмүүс хүний зургийг ашиглачихдаг юм билээ. Төв талбайн нэг зурагчин тухайн үед тэр зургийг зарсан байдаг. Би хожим нь сониноос уншсан юм. Тухайн үедээ үнэ хаялцуулж, 30 орчим ам.доллароор зарсан гэдэг. Тэр үед “Миний зургийг аваад, зарчихдаг ямар сонин юм бэ” гэж бодсон. Гэхдээ огт харамсдаггүй. Ямар ч байсан сайхан зураг болохоор л хүмүүс худалдан авсан гэж боддог. Хүмүүс түүний зургийг их асууна. Одоо ч би бөхийн зургийг өөрөөс нь бусад хүнд огт өгдөггүй.
Ер нь барилдааны эхний өдөр зураг авах боломжтой. Нэг удаа барилдаан болж байхад бөхчүүдийн урдуур, хойгуур нь гүйгээд зураг авсан чинь хоёр залуу “Эгч ээ, бидний зургийг аваад өгөөч” гэхээр нь дарсан юм. Одоо бодоход арслан Э.Оюунболд, Сүхбаатар аймгийн хурц арслан Б.Номиндалай нар байж. Ингээд бодохоор зураг түүх өгүүлнэ. Хүмүүс битгий хэл, би өөрөө ч хараад их омогшиж, баярладаг юм.
-Хөл тань өвддөг хэрнээ таяг тулаад л ийш тийш явж, бөхийн зураг дардаг гэхээр үнэхээр л ажлаа дурлаж хийдэг юм шиг.
-Таягтай хэрнээ л явна. Үндэсний бөх, тэмээгээ харчихвал хөл өвдөхгүй. Өвдсөн ч мартчихдаг. Таягаа тулаад л гүйнэ. Үндэсний бөхийн зураг дагнан авсан хүн одоогоор надаас өөр байхгүй юм гэнэ лээ. Наадмаар бол сэтгүүлчид олноор авдаг. Бөхийн дэвжээ рүү эмэгтэй хүн оруулахгүй гээд л нэг хэсэг нэлээд хэл ам гарлаа. Тэр үед сэтгүүлчид минь тусалсан юм. Эмэгтэй хүнээс төрчхөөд яагаад талбай руу оруулахгүй байгаа юм гээд л эхэлсэн. Тухайн үедээ “аврагдлаа” гээд хачин их баярлаж байв. Гэхдээ би ер нь л талбай руу ордоггүй. Гэр бүлийн хүн минь намайг талбай руу орчихвол “Дэвжээнээсээ гар, бөхчүүдтэй битгий гар барь” гээд л дуудна.
Хүмүүс намайг зураг зараад баяжаад байна гэж боддог байх. Гэхдээ угаалгах, янзлах гээд их ажил бий. Тэр бүрдээ хэрэглээд л таардаг. Өмнө нь хүн бүр гоё дээл өмсдөггүй байлаа. Ер нь наадмаар гоё дээл өмсөх боломжгүй байдаг. Хүмүүс наадмын талбайд шахцалдаж суугаад, хөлс нь гоожоод их л халууцдаг. Тиймээс гоё хувцас өмсдөг хүн маш цөөн байсан. Олонх нь энгийн тэрлэг дээл өмсдөг байв. Харин Гансүх заан жил бүр л дээлээ сольдог байсан нь ой тоонд үлджээ. Харин одоо бүгд л монгол хувцсаа өв тэгш өмсдөг болжээ. Үүнийг нь харахад их сайхан байдаг.
-Танд хайрлаж, хүндэтгэдэг бөх бий юү?
-Тулгаа зааныг маш их хүндэтгэдэг. Монхор хамар, цэвэрхэн царайтай, яг л монгол эр хүний шинж бүрдсэн хүн.
У.Цэцэгсүрэн