Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Халтмаагийн Баттулга гэхээсээ илүүтэй үүсгэн байгуулсан “Женко” гэх компаниар нь Монголын ард түмэн илүүтэй мэддэг энэ хүнийг бид танилцуулаад байх нь илүүц биз. 1963 оны гуравдугаар сарын 3-нд төрсөн Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгыг Дүрслэх урлагийн дунд сургуулийг 1982 онд төгссөн зураач мэргэжилтэй, самбо бөхийн дэлхийн аварга, Монголын жүдо бөхийн холбооны тэргүүн байсан гэдгийг ч уншигчид сайн мэднэ. Түүний намтарт 1979-1990 оны хооронд үндэсний шигшээ багийн тамирчин, 1982-1990 онд дүрслэх урлагийн байгууллагад зураачаар ажиллаж байсан тухай дурдсан нь бий.
Зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос “Женко” ХХК-иа байгуулж, улс төрд “Эрэл”-ийн нам буюу “Эх орон-МАШСН”-аас нэр дэвшин ортлоо буюу 2004 он хүртэл удирдсан нэгэн. Энэ хооронд элдэв хэл аманд ч багагүй өртөж, цагдаа, мөрдөх байгууллагын үүдийг сахиж, оргож зугтаж явсан нь ч бий. Тодруулбал, 17 чингэлэг спиртийн гэх, гаалийн баталгаат агуулах, талбайд хадгалагдаж байсан 340 тн спиртийг хуурамч бүрдүүлэлтээр Монгол Улсын хилээр оруулан ирж, өнөөх нь шалгалтын явцад гэнэт алга болж ариутгалын бодис болсон гэдэг. Энэ хэрэгт шалгуулах үедээ хил давж, Сингапурт амьдарч байгаад ирснийг тухайн үеийн хууль сахиулах байгууллагад ажиллаж асан олон хүн ярьдаг юм.
Бизнес эрхэлж байхдаа тэрбээр социализмын үед байгуулсан “Баянгол” зочид буудал, “Мах импекс”-ийг хувьчлан авч, захирлаар нь ажилласан талаар ч намтарт нь тод бий. Өдгөө олон нийтийн сүлжээнд эдгээр объектын хувьчлал шударга болсон, эсэхийг сөхөх хүн ч гарч байна.
Х.Баттулга 2004 онд улс төрд хөл тавьж, УИХ-ын гишүүн болсон төдийгүй ардчиллын алтан хараацайнуудын үүсгэн байгуулсан Монголын Ардчилсан холбоог ч удирдах болсон билээ. Ийнхүү тэрбээр 2008-2012 оны Засгийн газарт Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар хоёр жил, 2012-2016 оны Засгийн газарт Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын албан тушаалыг мөн хугацаагаар хашиж байсан. Энэ үедээ эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт нэр нь холбогдсон билээ. Тодруулбал, нарийн царигийн төмөр зам баривал Хятадаас цэрэг орж ирээд Монгол Улсыг эзэлнэ гэх алдарт “танкны үлгэр”-ээ ярьж эхэлсэн он цаг энэ үед бөгөөд солонгосчуудтай хамтарч төмөр зам тавих нэрээр мөнгийг нь үгүй хийсэн хэмээн хуулийн байгууллагад шалгуулж байв. Улмаар түүний эзэмшлийн “Баянгол” зочид буудал дахь албан өрөөнд нь цагдаагийнхан нэгжлэг хийх үеэр Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгчийн хувиар баахан бөхчүүдээр хамгаалуулж, цагдаагийн ажиллагаанд саад учруулаад зогсохгүй барилгын ажилчныг “мэргэн бууч” хэмээн худал мэдээлэл цацуулж, олон нийтийн “тархийг угааж” байсан цаг саяхан. Ингэж хууль сахиулах байгууллагынхны шалгалтад саад учруулах үедээ төмөр зам барих хөрөнгөөс завшсан гэх хэрэгт нь нэр холбогдсон Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нарыг хилээр гаргаж, нөгөөдүүл нь эх орондоо ч ирэхгүй байсаар хэрэг мартагдсан. Х.Баттулгатай хамт Зам, тээврийн сайд асан А.Гансүх, БНСУ-ын иргэн Ли Жон Ёл зэрэг хүмүүсийг АТГ-т шалгаад, эцэст нь гадаадын иргэнийг 40 сая төгрөгөөр торгосон болоод л хилээр гаргасан. Торгууль, хохирлоо төлсөн, эсэхийг өнөөдөр хэн ч сөхдөггүй юм.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулга АН-аас, түүнтэй хөтлөлцөн гүйгээд буй С.Ганбаатар МАХН-аас, М.Энхболд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн билээ. Дугуй малгай хазгай тавьж, одончуу дээлээр гоёж, “Монгол ялна” гэсэн уриатай оролцсон Х.Баттулга тус сонгуульд ялж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон. Ийнхүү тэрбээр УИХ, Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаад зогсохгүй Төрийн тэргүүний сэнтийд ч дөрвөн жил суугаад үзчихэв. Түүнээс өмнөх Ерөнхийлөгч нар бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад улс төрөөс холдсон бол Х.Баттулга л дахин зууралдсаар байгаа нь юуны учир вэ.
2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хүслийг нь хязгаарласан. Гэвч тэрбээр улс төрөөс “явах” дургүй нэгэн учраас УИХ-ын гишүүнээр дахин сонгогдов. АН-ыг хагалан бутаргасныхаа үр ашгийг хүртэж, 2024 оны УИХ-ын сонгуульд өөрийнхөө олон хүнийг “шахаж”, дунд нь нэрээ багтаан хойд бүсэд дэвшсэнээр дахин хууль тогтоох дээд байгууллагад сонгогдоод байгаа юм. Өдгөө тэрбээр “Хөх туг” гэх аян хийж хөдөөх аймаг, сумуудаар аялж ахуйд, олон жил гацаан Монголын хөгжлөөс хойш татсан гэх төмөр замынх нь хил холболтын хэлэлцээрийг эцэслэчихлээ.