ШУА-иас “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгийн хүрээнд ураныг газар доор уусган олборлох технологийн талаар салбарын мэргэжилтнүүд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Мөн энэ үеэр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Зөөвч-Овоо ордын газар доорх ус, хөрсний чанарын мониторингийн судалгааны үр дүнг танилцуулж, салбарын мэргэжилтнүүд санал солилцсон юм.
Зөвлөх геологич, доктор Г.Жамсрандорж “Уусган баяжуулах буюу газрын доор уусгах аргыг дэлхий нийтэд түгээмэл ашигладаг. Ингэж олборлоход уул, техникийн нөхцөлд нь тохирсон орд байх шаардлагатай юм. Тухайлбал, Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийт, Зөөвч-Овоо, Дулаан-Уул зэрэг орд. Ингэхдээ зөвхөн уран агуулж буй биетийн дээр хоорондоо 20-30 метрийн зайтай, харандаа шиг хэлбэртэй зургаан өнцөгт хийж, хүхрийн хүчлийн уусмал шахна гэсэн үг. Улмаар цооногийн хананд нүх гаргана. Өөрөөр хэлбэл, 100 литр усанд хоёр литр хүхрийн хүчил хийж, түүнийгээ буцаан соруулан авах зарчмаар ажилладаг. Хүхрийн хүчил шахна гэхээр хүмүүс газарт тэр чигтээ шингэчихнэ гэж ойлгодог. Гэтэл энэ хүчлийг бид ураны эрдсийг уусган авахад л ашиглаж буй. Урвал явагдаж, хүхрийн хүчилгүй болж, ураны эрдэс агуулсан хүхрийн хүчлийн давс болох үйл явц гэж ойлгож болно. Ингэснээр хүхрийн хүчил мөн чанараа алдаж, соруулахад ураны давс болох юм. Үүнийг нь ураны давирхайд суулгана. Тэгэхээр хүхрийн хүчил нь ураны давсгүй уусмал болж буй. Дараа нь түүнийгээ дахин хүхрийн хүчлээр сэлбэж, хүчитгэнэ. Ингэснээр газрын доор хүхрийн хүчлээ үлдээхгүй. Мөн үйлдвэрлэл явуулахаас өмнө 170 метрийн доор буй усыг шинжлэхэд маш их уран, давстай ахуйн зориулалтад ашиглах боломжгүй нь тогтоогдсон. Ер нь энэ аргаар 30 гаруй улс нэг жилд 40 мянга орчим тонн уран олборлодог. Ундны ус нь бохирдож, хот, суурин нь сүйдсэн тохиолдол алга” гэв.
Хими, химийн технологийн хүрээлэнгийн Органик бус химийн лабораторийн эрхлэгч Ш.Нямдэлгэр “Ураныг хүчлийн аргаар уусган олборлосны дараа уст үед хүчиллэг орчин үлддэг юм. Тиймээс үүнийг заавал саармагжуулах шаардлагатай. Уг нь тухайн ордод буй шаварлаг эрдсийн тусламжтай байгалийн жамаараа нөхөн сэргээгддэг боловч бид үйл явцыг түргэсгэх зорилгоор туршилт, судалгаа хийсэн. Улмаар шаврын эрдэст агуулагддаг катионууд болон ураны хүдэр агуулж буй уст үеийн усны найрлага дахь натрийн болон магнийн хлоридын цэвэр давсыг хүчиллэг болсон уст үе рүү оруулж, саармагжуулах үйл явцыг түргэсгэх боломжтойг тогтоосон. Өөрөөр хэлбэл, бид гаднаас ижил катион агуулсан цэвэр давс хийж, байгалийн жамаараа нөхөн сэргээгдэх үйл явцыг түргэсгэж байгаа юм” хэмээлээ.
Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Хөрсний лабораторийн эрхлэгч, доктор Х.Золжаргал “Зөөвч-Овоо ордын хөрсний судалгааг 2021 оноос тасралтгүй хийж байна. Ерөнхийдөө байгаль орчны төлөв байдлыг тодорхойлох зорилготой. Ингэхдээ бид манай улсад хэрэглэдэг стандарт агуулга, хөрсний хими, физик, хүнд металлын шинжилгээг хийсний үндсэнд дүгнэлтээ гаргасан юм. Ингэхэд 2021-2023 онд Зөөвч-Овоо орчмын хөрсний хими, физик шинж чанарт онцгой өөрчлөлт гараагүй” гэсэн юм. Тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Одсүрэн “2021-2024 онд нэг цэгтээ давтан мониторинг хийх буюу гурван жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарч буйг судаллаа. Ингэхдээ бид Зөөвч-Овоо ордын туршилтын том, жижиг торлолын цооногуудаас өөр өөр уст давхаргаас цооног сонгож, дээж авсан. Мөн туршилтын талбайн 50 км радиуст байрлах бага гүн буюу малчдын ахуйн хэрэглээндээ ашигладаг 18 худгийг сонгосон юм. Эдгээрийг гурван жил давтан шинжилсэн. Уран олборлох уст давхарга нь 130-170 метр. Энэ давхаргын дээр дээд уст давхарга байдаг. Харин 130-аас доош 230 метр хүртэл доод уст давхарга бий. Уран агуулж буй уст давхарга нь дээд болон доод ус үл нэвтрүүлэх шавран үеэр тусгаарлагдсан байдаг юм. Эдгээр цооногоос дээж авч, дээд уст үед нөлөөлж буй, эсэх, олборлолт хийж байгаа уст үе хэрхэн өөрчлөгдөж буйг хянах зорилгоор цооногуудаа уст давхарга бүрээр нь сонгосон. Судалгааны үр дүнд туршилт явуулахаас өмнөх 2021 оны үзүүлэлтийг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад дээд болон доод уст үед бараг өөрчлөлтгүй гарлаа. Харин олборлолтын үед өөрчлөлттэй гарсан. Тухайлбал, ураны хэмжээ, хүнцэл, газрын ховор элемент болох этри, лантан зэрэг элемент 2023 онд хэд дахин нэмэгдсэн байв. Энэ нь уусган баяжуулах үйл явцтай холбоотой. Харин 2024 оноос дээрх элемент тодорхой хэмжээнд буурсан. Гэхдээ эдгээр нь дээд, доод уст давхаргадаа ямар нэгэн өөрчлөлтгүй. Мөн малчдын ахуйн хэрэглээндээ ашигладаг бага гүнтэй худгийн тухайд бид 2021 оныг өнгөрсөн хоёр жилийнхтэй харьцуулахад өөрчлөлтгүй байв. Ганц, хоёр худаг л зарим элементийн хувьд хэлбэлзэж буй. Үүнд дээж авсан цаг хугацаа, хур тунадас зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлж байгаа. Учир нь худаг 2-12 метрийн гүн учраас байгаль, цаг уурын нөлөөлөлд өртөх нь түгээмэл. Мөн голчлон сайран дээр байрладаг учраас үерт өртөх нь ч цөөнгүй. Энэ мэт шалтгаанаас болоод бага зэрэг хэлбэлзсэн болохоос бус, уусган баяжуулах технологитой холбоотойгоор өөрчлөгдсөн тохиолдол одоогоор илрээгүй” гэлээ.
У.Сүрэн