Засгийн газрын тогтоолоор нийтээр хэрэглүүлсэн түлшний улмаас дайны үеийнх шиг олон хүн үрэгдчихээд байгааг “утааны сонсгол”-ын үеэр оролцогчид хүлээн зөвшөөрөв бололтой. Харин сайжруулсан гэх түлшний улмаас 779 хүн амиа алдсан, тэр дундаа нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан эмгэнэлт мэдээллийг эрх баригчид сонсоогүй мэт байх юм. Уг нь мэдээгүй дүр эсгэх бус, хүний амь үрэгдсэний төлөөх хариуцлагыг Засгийн газар хүлээх учиртай. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олигтойхон ч эмгэнэл илэрхийлээгүйгээр үл барам дэргэдээ ажиллуулдаг, агаар, орчны бохирдолтой тэмцэх зорилготой Шуурхай штабынхаа хурлаар ч иргэд угаартаж амиа алдсан асуудлыг хэлэлцүүлэхгүй байгаад олон нийт бухимдаж буй. Хуульч Б.Гүнбилэг “Шахмал түлшний барьцалдуулагчийг сүүлийн хоёр жил хортой юмаар хийснийг бид илрүүллээ. Угаараас болж 700 гаруй хүн нас баржээ. Энэ хоёр өгүүлбэр Засгийн газарт огт хамаагүй гэж үү” хэмээн халагласан нь үүнийг илтгэх жишээ.
Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны 62 дугаар тогтоолын дагуу нийслэлийн гэр хорооллын иргэд сайжруулсан түлш түлж эхэлсэн юм. Үйлдвэрлэдэг “Тавантолгой түлш” компани нь хүртэл төрийн өмчийнх бөгөөд ямар ч өрсөлдөөнгүйгээр энэ зах зээлийг долоон жил эзэгнэв. Эрх баригчдын шахсан түлшийг иргэд сонголтгүйгээр ийм удаан хугацаагаар ашиглалаа. Үнэхээр л түлш хортой байсан бол, түүхий эд нийлүүлэгч компанийнхан алдаа гаргасан бол хариуцлага тооцож, солих, сайжруулах эрх нь Засгийн газарт буй. Гэвч эрх баригчид яагаад ийм алхам хийхгүй байна вэ.
“Монгол Улсын иргэн тайван цагт гэртээ, Засгийн газрын шахааны түлшийг түлээд угаартаж нас барлаа. Хэрэв иргэн чөлөөт зах зээлээс, олон өрсөлдөгч дундаас түлшээ сонгож авсан бол нийлүүлсэн хувийн хэвшил нь хариуцлага үүрэх ёстой. Гэтэл Засгийн газрын тогтоолоор үйлдвэр байгуулаад, УИХ-аас хууль гаргуулж, бүх татвараас чөлөөлсний үндсэн дээр үйлдвэрлэсэн цорын ганц түлшийг сонголтгүйгээр түлснийхээ төлөө 779 хүн угаартаж нас барчхаад байна. Эрүүл мэндийн яам, “Тавантолгой түлш” компанийнхан тоодоггүй, Засгийн газар бүр ч хүлээн зөвшөөрдөггүй энэ тоог “утааны сонсгол”-оор бид мэдэж авлаа. Хувийн хэвшлийн бүтээгдэхүүн ийм аймшигтай хохирол учруулсан бол аль эрт татан буулгаад, дампууруулж, захирлыг нь шоронд хийчихсэн байгаа. Гэтэл төрийн шахааны түлш хүний аминд хүрээд байхад өчнөөн жил нам жим байлаа” гэж Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл дурдаад, үүний төлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцрох ёстой гэж мэдэгдээд буй билээ.
Гэвч дарга нар хариуцлага хүлээх нь битгий хэл, амьгүй зүйл болох түлш, зуух, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, улмаар хохирсон хүмүүсийг хүртэл буруутгасан жүжиг тоглож, иргэдийн амьд явах эрхийг үл хайхарч байна. Хэрвээ мидлинг нийлүүлсэн компанийнхан чанаргүй түүхий эдээр хангасан бол үйлдвэрлэгч “Тавантолгой түлш”-ийнхэн яагаад эл үйл явцад хяналтаа тавиагүй өдий хүртэл явж, тэднийг шалгуулах алхам хийсэнгүй вэ. Эцэстээ сайжруулсан түлшийг олигтойхон шиг шатааж чаддаггүй зуухнууд, галаа зөв түлээгүй иргэд буруудаад, Засгийн газар, дарга нар уснаас хуурай гарах уу. Тухайлбал, хотын дарга Х.Нямбаатар сайжруулсан түлшний гол түүхий эд болох мидлингийг ирэх сарын 1-нээс хэрэглэхгүй, оронд нь “Эрдэнэс Тавантолгой”-н баяжуулсан нүүрсийг ашиглана хэмээн мэдэгдээд буй.
Гэтэл УИХ-ын гишүүн Д.Рэгдэл түлш буруугүй, харин зуухнаас л бүх асуудал үүссэн гэсэн агуулгатай ярилцлагыг саяхан хэвлэлд өгчээ. Тэрбээр “Угаартаж нас барсан асуудал түлшнээс биш, зуухнаас шалтгаалсан эрсдэл гэж ойлгох хэрэгтэй. Зуух хамгийн чухал. Гол нь чанартай, зөв технологиор хийсэн, мөн түлшиндээ тохирсон зуухтай байх шаардлагатай. Ер нь түлшнээс болж угаартахгүй. Буруу галлагаа, эсвэл зуухнаас болж угаартаж нас барах тохиолдол цөөнгүй байна. Тэгэхээр юуны түрүүнд Улаанбаатар хотод байгаа 198 мянган зуухны хэдийг нь солих шаардлагатайг нэн яаралтай судлах хэрэгтэй” гэсэн байв. Эрдэмтдийн төлөөлөл, Шинжлэх ухааны академийнх нь ерөнхийлөгч хүртэл байсан хүн ингэж зөвлөснөөрөө тус бүр нь сая орчим төгрөгийн үнэтэй 32 мянган зуухны “бизнес”-ийг дэмжив бололтой.
М.Оч