“Их говийн тэмээ-2025” говийн бүсийн тэмээний баяр, улсын зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн шүтээн Хилэнцийн хөшөөнд энэ сарын 7-8-нд зохион байгууллаа. Хоёр өдрийн турш үргэлжилсэн эл баярын хүрээнд ойрын зайн болон хурдан торомны уралдаан, шилмэл буур, ингэ, поло, буухиа, тэмээтэй сайхан хос зэрэг төрөлд зургаан аймгийн оролцогчид авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Гэвч энэ үеэр ёс зүйгүй, өв соёлоо уландаа гишгэсэн зохион байгуулагчид их говийн шүтээн хэмээн хүндэтгэн дээдэлдэг тэмээгээр боодог хийж, борлуулжээ. Уг нь Монголд байтугай дэлхийд ховор хоёр бөхтэй тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, өв соёлоо олон нийтэд сурталчлах зорилгоор тэмээний баяр хийдэггүй гэж үү. Гэтэл их говийн шүтээн тэмээн сүрэгт ингэж хүндэтгэлгүй хандан, боодог хийн, тайзныхаа голд залчхаад, үнэ хаялцан худалдсанд говийнхон унтууцаж байна.
У.Цэцэг