Нийслэл хүрээний 113 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн соёл урлагийн газар, Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерейнхан хамтран “Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” үзэсгэлэнг “Монгол арт” галерейд нээлээ. Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол болон гэрэл зураг, баримтат нэвтрүүлгээс бүрдэх эл үзэсгэлэнг ирэх сарын 1 хүртэл олны хүртээл болгох нь.
Үүний хүрээнд Богд хааны ордны зураачийн 1870-аад онд бүтээсэн “Их хүрээ хот” хэмээх монгол зургийг анх удаа эх хувиар нь нийтэд дэлгэн үзүүлж буй. 1800-гаад оноос хойш Нийслэл хүрээтэй холбоотой 17 орчим зураг олдсоноос “Нийслэл хүрээ” сэдэвт зургийг “Монгол арт” галерейн зураач Ц.Оюун-Эрдэнэ сэргээжээ. Монгол зургийн хамгийн том төрөл болох нийслэл хүрээний энэхүү зураг нь дахин давтагдашгүй бүтээлээс гадна түүхийн үнэт сурвалж болж буй аж. Эл зурагт өдөр тутам болон тодорхой хугацаанд болж буй үйл явдлуудыг нэгбүрчлэн дүрсэлснээрээ онцлогтой гэнэ. Тухайлбал, Богд Жавзандамба хутагтыг ганданд сэмбэрэмтэй залж буйгаар дүрсэлжээ. Богдын хүрээг дүрсэлсэн цөөнгүй зураг бий боловч ингэж залж буйгаар дүрсэлсэн нь маш ховор юм байна. Мөн хүрээний баруун, зүүн, урд, хойно хэсэгт ямар барилга, байгууламж, сүм хийд байсныг тодорхой харуулснаараа онцлогтой. Түүнчлэн гудамж, талбайн зохион байгуулалт болон тухайн үед өргөнөөр ашигладаг байсан зан үйлийг ч тодорхой дүрсэлснээрээ түүхэн ач холбогдолтой аж.
Улаанбаатар хотын музей, “Монгол арт” галерейнхан хамтран Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Үндэсний төв архив, Үндэсний номын сан, Швейцар улсын Базел хотын Соёлын музей зэрэг гадаад, дотоодын музей, архивын сан хөмрөг, хувийн цуглуулагчдын хадгалж буй Богдын хүрээ хотыг харуулсан нийт 30 орчим зургийг анх удаа, нэгдсэн байдлаар дэлгэж буйгаараа онцлогтой юм байна. ХVIII-ХХ зууны эхэн үед холбогдох Богдын хүрээний бүтэц, зохион байгуулалт, түүхэн үйл явдал, баяр наадам, төрийн ёслолыг дүрсэлсэн бүтээлүүдээр дамжуулан эл хүрээ урьд нь ямар хот байсан, эдгээр бүтээл хэр үнэ цэнтэй болохыг нийтэд сурталчлан таниулах зорилготой гэнэ.
У.Цэцэгсүрэн