Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж амиа алдсан хэрэг Баянгол дүүргийн 22 дугаар хороонд өнгөрсөн сарын 23-24-нд шилжих шөнө гарсан юм. Цэргийн алба хаах хугацаандаа гэр бүлийнхнээ ийнхүү алдсан О.Одбаяр өнгөрсөн пүрэв гарагт хэвлэлийнхэнд хандсан. Харамсалтай нь, тухайн өдрийн 21.00 цагийн орчимд түүний гэр бүлийнхний хувийн, эмзэг мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархав. Тодруулбал, тухайн гэр бүлийнхэн угаарын хий мэдрэгчээ ажиллуулаагүйн улмаас амиа алдсан, бас О.Одбаярыг хулгайн гэмт хэрэгтэн, ээжийг нь архины хамааралтай гэх мэт мэдээллийг олон нийтийн сүлжээгээр тараасан нь иргэдийг бухимдуулаад байна. Сайжруулсан түлшнээс болж нэг бүлийнхэн угаартчихаад байхад холбогдох албаныхан хариуцлага хүлээх нь битгий хэл, иргэдээ буруутгах зорилгоор ийм мэдээлэл тараасан гэж олон нийт шүүмжилж буй билээ.
Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийв. О.Одбаяр болон ээжийнх нь талаар олон нийтийн сүлжээгээр тараасан мэдээлэл нь ташаа гэдгийг тэрбээр онцолсон. “Хохирогчдын хувийн, эмзэг мэдээллийг агуулсан, цагдаагийн байгууллагын илтгэх хуудас хэлбэрээр бичсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн гэмт хэрэг. Мэдээлэл тараасан этгээд албан тушаалын эрх мэдлээ ашигласан бол Эрүүгийн хуулийн дагуу тав хүртэлх жилийн хорих ялтай. Талийгаач архины хамааралтай байгаагүй. Байлдагч О.Одбаяр сахилгын зөрчилгүй, хугацаат цэргийн албаа нэр төртэй, хариуцлагатайгаар хааж байсан. Тиймээс ташаа мэдээллийг зориуд тараасан гэж үзэж байна. Уг мэдээллийг цацсан этгээдийг олж тогтоон, хариуцлага тооцно” гэж сайд О.Алтангэрэл хэлсэн юм.
М.Оч