Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Жамбын Батсуурь 2020 оны УИХ-ын сонгуулийн 12 дугаар тойрогт буюу Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшин өрсөлдөж, 58.9 хувийн саналаар анх удаа гишүүн болсон юм. Өмнө нь Сүхбаатар аймгийн Засаг даргаар найман жил ажиллахдаа тэрбээр УИХ-ын гишүүн болох замаа зассан гэхэд болно.
Ж.Батсуурь Засаг даргаар ажиллах хугацаандаа аймгаа дөрвөн удаа шилдгээр шалгаруулсан гэдгээ 2020 оны сонгуулийн пиартаа ашиглаж байв. Мөн аймгийнхаа мэдээллийн нэгдсэн сайт sbinfo.mn-д өөрийнхөө тухай “Тэр өглөө эрт босно. А4-ийн цаасыг нугалж байгаад л ар, өвөргүй өнөөдөр, маргааш, нөгөөдөр, ирээдүйд хийх ажлаа төлөвлөдөг. “Би өвдөх ч эрхгүй хүн шүү дээ” л гэж ярьдаг хүн. Монгол Улсын шилдэг удирдагч, Сүхбаатарын одонт Жамбын Батсуурийг төрд илгээх цаг нь болсон” хэмээн хэт дөвийлгөсөн нийтлэл хүртэл бичүүлж байж. Аймгийн Засаг дарга байхдаа ард түмнээ төлөөлж, төрд “илгээлтийн эзэн” болж чадна гэсэн амбийцтай байсан юм болов уу даа.
Тэрбээр Сүхбаатар аймгийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргээд, Санхүү, эдийн засгийн их сургуульд элсэн орж, эдийн засагч мэргэжил эзэмшжээ. Улмаар Монгол болон БНСУ-ын Удирдлагын академид суралцан, магистрын зэрэг хамгаалсан байна. Хөдөлмөрийн гараагаа 1992 онд Монголын хөрөнгийн биржээс эхлүүлж, дилер хийж байсан тэрбээр “Молор импекс” ХХК-ийн захирал, Сүхбаатар аймгийн АН, “Дөрвөлт” ОНӨҮГ-ын дарга, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын дэд дарга, Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөхөөр тус тус ажилласныг намтарт нь бичиж. Хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тэрбээр хамгийн сүүлд “Жилийн орлого 72, гэр бүлийн гишүүдийн нийт орлого 25 сая, 2.1 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг хашаа, байшин, үйлчилгээний зориулалттай нэг барилга, мөн тооны гражтай. 136 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр машин, 135 адуу, 132 сая төгрөгийн үнэ бүхий газартай. 17 сая төгрөгийн хадгаламжтай, “Датуком” ХХК-ийн 49 хувийг эзэмшдэг” гэжээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг, хилийн бүс дэх “Андын илч” ХХК-ийн уурхайн ард Ж.Батсуурийн нэр үе үе дурдагддаг. Харин тэр “Уурхай надад хамаагүй. ТУЗ-ийн гишүүн Ж.Цээсүрэнг ч огт танихгүй” гэж мэдэгдсэн удаатай. Тэгвэл Ж.Цээсүрэн нь түүний ойрын хүн бөгөөд 2016 оны есдүгээр сарын 15-нд Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр Ж.Батсуурьт холбогдох 336 тоот хавтаст хэргийг хэлэлцэхэд өмгөөлөгчөөр нь ажилласан юм байна. Түүнчлэн “Сүхбаатар аймгийн эрх бүхий албан тушаалтнууд 2012-2016 онд нутгийн өмч бүрдүүлэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчин, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж, үрэгдүүлсний улмаас улсад 8.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй” гэх хэрэгт түүнийг мөн холбогдуулан шалгаж байсныг ч хэвлэлүүдэд мэдээлсэн байна.
Энэ сарын 4-нд Ж.Батсуурь цахим хуудсандаа “Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын 2025-2045 оны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний зураглал боловсруулах ажлын явцтай танилцлаа. Баруун-Урт хотын гэр хорооллыг дахин зохион байгуулж, шинэ төлөвлөлтөөр жишиг болгохоор зорьж байна” хэмээжээ. Түүнийг “Монгол Улсын Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд болохоос Сүхбаатар аймгийнх биш байлтай” хэмээн иргэд шүүмжилжээ.
Ташрамд сонирхуулахад, 2020-2024 оны чуулганы нэгдсэн дүнгээр түүнийг 73.4 хувийн ирцтэй, 26.6 хувьд нь хоцорсон, тасалсан, чөлөөтэй байсан гэжээ. Гишүүн болсноосоо хойш тэрбээр УИХ-ын хяналт шалгалтын тухай бие даасан хууль санаачилж, батлуулсан. Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсэгт орж ажиллан, батлуулахад гар бие оролцсон аж.
О.Оргилох