ЗХУ сансар эзэмших өрсөлдөөнд 60 жилийн өмнөөс АНУ-аас түрүүлсэн аж. Гэвч нэгэн чухал үйл явдлын улмаас нөхцөл байдал өөрчлөгдсөн. 2024 онд АНУ-д төдийгүй манай гаргийн оршин суугчид сар луу хүн нисгэж, эх дэлхийдээ амжилттай буцаж ирсний 55 жилийн ойг тэмдэглэв. Манай үеийнхний соёл иргэншил бий болохоос олон жилийн өмнө хүн төрөлхтөн мөрөөдлөө биелүүлж, 1969 оны долоодугаар сарын 20-нд өөр гарагт хөл тавилаа. Дэлхийгээс 380 мянган километр зайд байх сарны гадаргад хүн гишгэв. 1969-1972 онд Америкийн 12 хүн саран дээр буулаа. Энэ хүртэл сансар огторгуйд ЗХУ тэргүүлж, анхны хиймэл дагуулаа хөргөж, сансарт анх хүн нисгэсэн. Бас анхны эмэгтэйг сансарт нисгэж, задгай сансарт анх хүн гаргаж, өөр гараг дээр анхны аппаратуудыг буулгасан юм. Тийм болохоор дээрх алхмыг ЗХУ л эхлээд хийнэ гэж дэлхийн хүмүүсийн ихэнх нь бодож байлаа.
“Apollo” аппарат шатсанаас хойш бүх юм тодорхой болж, ЗХУ эхэлж саран дээр хүн буулгана гэх болсон байна. Гэвч санаснаар болсонгүй.Яагаад, юу болов? Үүний хариулт нь хүмүүсийн дийлэнх нэрийг нь олон сонсоогүй Сергей Королёв гэдэг хүнд байлаа.
Сансрын нислэг нь агаарт нисэхээс ялгаатай. Энэ нь юуны урьд газрын атмосферээс тасарсан нөхцөлд сансрын хөлгийг хөдөлгөх түлш бий болгох, хөлөг удаан хугацааны туршид нисэхдээ хурдаа тасралтгүй нэмж байх чадвар бий болгохтой холбоотой. Мөн сансрын нисэгчийн аюулгүй байдал, нислэгийн үед ямар ч температурт, даралт ямар ч хэмжээгээр унахад түүнийг тэсж үлдэх материал бий болгох, нарны болон сансар огторгуйн радиацаас хамгаалах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Эхний шатанд энэ ажилд ердөө онолчид л оролцож байв. Шингэн түлшээр нисэх анхны пуужинг бүтээсэн Роберт Годдард, нисэх онгоц, түүний хөдөлгүүрийн төслөөс ажлаа эхлээд, сүүлдээ пуужингийн техник рүү шилжиж, хөдөлгөөний онолыг нь хөгжүүлэх болсон Роберт Эно-Пельтри, пуужингийн хөдөлгүүр, шингэн түлш хэрэглэх пуужин бий болгож хөөргөсөн Герман Оберт гэх ХХ зууны эхэн үеийн алдартнуудын нэрийг энд дурдаж болно. Гэхдээ пуужингийн түлш, жин, татах хүч болон зардлын хоорондын суурь холбоог тогтоосон Константин Циолковский тэдний бүгдийнх нь эхэнд бичигддэг аж. Бусад сэтгэгчийн ажилтай харьцуулбал Циолковскийгийн түрүү үеийн бүтээлүүд цаашдаа сансрын нислэгүүд, сансар эзэмшихэд ихээхэн нөлөө үзүүлжээ. Годдард америк, Эно-Пельтри франц, Оберт герман хүн байв. Циолковский бүх амьдралаа Москва, түүний орчинд өнгөрөөсөн. Эхлээд тэрбээр Орост, Октябрын хувьсгалаас хойш ЗХУ-д амьдарч, 1935 онд нас барсан ч Оросын эрдэмтдэд хувьд шинжлэх ухааны асар их ач холбогдолтой өв үлдээсэн юм.
Сергей Королёв эхлэн туршигч байсан бөгөөд Ангараг гараг руу зүглэхийг мөрөөдөж 1933 онд Зөвлөлтийн шингэн түлштэй болон холимог хөдөлгүүртэй анхны пуужинг хөөргөж байлаа. Харамсалтай нь, 1938 онд Сталины хэлмэгдүүлэлтийн золиос болов. Түүнийг шоронд хорьж, 1944 он хүртэл дэлхийн II дайны ихэнх хугацааг тэнд өнгөрөөв. Дайн дууссаны дараа АНУ, ЗХУ-ын сансрын хөтөлбөр олзлогдсон герман мэргэжилтнүүдийн оролцоотойгоор өргөжсөн байна. Тухайн үед шилдэг герман мэргэжилтнүүдийн ихэнх нь, “Фау-2” пуужингийн олонх нь АНУ-д очих завшаан тохиосон. Гэхдээ “Фау-2”-ыг үйлдвэрлэсэн газрын зураглалыг оруулаад Германы олон баримт ЗХУ-д олдсон байв. Түүнээс гадна нөлөө бүхий эрдэмтэн Гельмут Греттрупийг ЗХУ-д шилжүүлж авч чаджээ. Түүнчлэн Циолковскийн үлдээсэн өв эхний үеийн давуу байдлыг Зөвлөлтийнхөнд олгосон аж. Эцэст нь “Фау-2”-ын герман технологи, Циолковскийн онолын бүтээлүүд, оюун ухааны хүч, Королёвын төсөөлөл нийлсэн нь сансар судлалд ЗХУ амжилт олох гайхамшигт жор болсон байна.
Шоронгоос суллагдсаны дараа Королёвын алдар нэр цойлох нь тэр. 1945 онд түүнийг улаан армид аваачин хурандаа цол өгч, пуужингийн хөдөлгүүр зохион бүтээх ажилд тэр даруй оруулав. Тэр ондоо “Фау-2” пуужингийн технологийг нөхөн сэргээхэд туслуулахаар түүнийг Герман руу явууллаа. 1946 онд Королёвыг герман мэргэжилтнүүдийн бүлгийн удирдагчаар томилсон бөгөөд үүнд Греттруп орсон байв. Энэ бүлэг пуужин бүтээх үндэсний хөтөлбөр боловсруулах үүрэг хүлээжээ. Алсын тусгалт пуужингийн ерөнхий зохион бүтээгчээр Королёвыг томилж, 1947 он болоход тус бүлэг тусгалын хувьд “Фау-2”-той дүйцэх “Р-1”-ийг нэгэнт хөөргөж амжсан байв.
Мэдээж АНУ ч үүнтэй төстэй ажил хийж л байлаа. Тухайлбал, дайны дараа германчуудын төсөлд үндэслэн бүтээсэн “Фау-2” пуужингуудаа америкчууд 1940-өөд оны эцсээр Нью-Мексико муж улсын Уайт-Сэндс талбайгаас хөөргөв. 1947 онд Королёвын бүлэг “Р-1” пуужингийнхаа бүтцийг сайжруулж, түүний туулах зайг уртасгаж, байлдааны хошуугаар ашиглахад төвөггүй болгож чаджээ. “Фау-2” эх хувилбартай харьцуулбал холч чадал нь хоёр дахин нэмэгдсэн, тусгал нь ч сайжирсан Королёвын бүтээсэн “Р-2” пуужинг ЗХУ 1949 онд хөөргөж туршив. Энэ үед Королёв дараачийн ажлаа нэгэнт төлөвлөчихсөн, 3000 километр хол зайд тусах “Р-3” пуужингийн шинэ төслийг бүр 1947 онд санал болгож байжээ. Энэ нь Москвагаас Британи хүрэх чадалтай гэсэн үг. Пуужингийн техникийг боловсронгуй болгох ажил Королёвын удирдлагад эрчимтэй урагшилж байлаа. Зөвлөлт тив алгасах “Р-7” гэдэг баллистик пуужинг дэлхийд анх удаа 1957 онд амжилттай туршив. Энэ пуужин 7000 километр зайг туулах чадалтай, ашигтай ачаалал нь 5.4 тонн байжээ. Уг пуужингаар Зөвлөлтийн атомын бөмбөгийг Санкт-Петербургээс Нью-Йорк хотод хүргэж цохилт өгөх боломжтой байлаа. Энэ ололт амжилт Королёвыг ЗХУ даяар алдаршуулж, түүнийг бүрэн цагаатгаж, “Р-7”-г сансрын хөлөг хөөргөхөд ашиглахаар болсон байна.
Гэтэл коммунист нам энэ ажлыг нь төдийлөн сонирхсонгүй. Харин сансрын хөлөг хөөргөхөд зориулж хэд хэдэн сая ам.долларын хөрөнгө оруулах тухай асуудлыг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичээд эхлэхэд нь Королёв энэ боломжийг ашигласан. Ингээд “Дагуул-1”-ийг бий болгож хөөргөхөд ердөө сар хүрэхгүй хугацаа зарцуулав. Ийнхүү сансрын эрин албан ёсоор 1957 оны аравдугаар сарын 4-нд эхэлжээ. Газрын татах хүчийг давж, дэлхий орчмын тойрог замд хүн төрөлхтөн гарахад Королёвын зохион бүтээсэн пуужингууд тусаллаа. Зохион бүтээгчийн амжилтыг дэлхий дахин хүлээн зөвшөөрсөн тул олон улсын хэмжээнд ч түүнийг хайхрахгүй байх аргагүй байв. Сар ч болоогүй байтал “Дагуул-1”-ээс зургаа дахин хүнд “Дагуул-2” хөөрч, 1958 оны тавдугаар сард хөөргөсөн энэ хөлөг Зөвлөлтийн сансрын хөтөлбөрийн боломжийг харууллаа.
Королёв цаашлаад илүү том зорилго болох сарыг онилоод байв. Ачааг тийш нь тээхэд “Р-7”-г ашиглахаар эхлээд шийдэж, задгай сансрын нөхцөлд гаргахаар төсөөлөн пуужингийн дээд хэсгийг өөрчилжээ. Энэ бол ийм зорилгоор бүтээсэн анхны пуужин байлаа. 1959 оны есдүгээр сарын 14-нд “Луна-2” нь амжилтад хүрч саран дээр очсон дэлхийн анхны хиймэл дагуул болсон юм. Үүнээс сар хүрэхгүй хугацаа өнгөрөхөд “Луна-3” хөлөг сарны цаад талын зургийг анх удаа авлаа. Сансар судлалд ЗХУ шинэ өндөрлөгт хүрч, АНУ ч түүнээс хоцрохгүйг хичээж байв. Королёв улам цаашилж бүтээсэн аппаратуудаа саран дээр зөөлөн буулгахыг хүсэж, улмаар Ангараг, Сугар гаргийг бодох болсон аж. Гэлээ ч түүний хамгийн том мөрөөдөл нь сансар огторгуй руу хүн нисгэж, пуужингуудын хүрсэн орчинд хүн аваачих байв.
Зөвлөлтийн сансрын “Восток” хөлөг бүтээх төслийн хүрээнд 1958 оноос эхлэн Королёв судалгаа хийж, бүрэн автомат буулгагч аппарат бий болгож, түүндээ зориулалтын хувцастай хүн суулгах боломжийг боловсруулав. 1960 оны тавдугаар сард хүнгүй туршилтын загвар хөөргөж, дэлхийг 64 удаа тойрууллаа. 1960 оны наймдугаар сарын 19-нд дэлхий орчмын тойрог замд хоёр нохой хөөргөж, эсэн мэнд эргэж ирүүлжээ. Энэ бол амьд амьтан сансарт хөөргөж, буцааж ирүүлсэн анхны тохиолдол. Королёвын засаж, сайжруулсан “Р-7” пуужин 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд дэлхийн татах хүчийг давж гарсан, дэлхийн орчмын тойрог замд орсон анхны хүн Юрий Гагариныг тээж сансар өөд хөөрлөө. Королёвын ажиглалт дор “Восток” хөлгийн дараачийн нислэгүүд анхны эмэгтэй нисгэгч Валентина Терешковаг сансарт илгээсэн билээ.
Дараа нь Королёв хэд хэдэн нисэгчийг сансарт авч гарах, эцэст нь саранд хүрэх “Восход” хөтөлбөрийн ажилд оров. Хэт хүнд ангиллын “Н-1” пуужин тээгч бүтээх ажлыг Королёв 1961 онд эхлүүлж, түүн дээр шингэн түлштэй “НК-15” хөдөлгүүр байрлуулсан байна. “Н-1” пуужинд гурван хүнтэй баг суулгаж, буцаж ирэхдээ зөөлөн бууж, нэг үгээр ЗХУ сансрын өрсөлдөөнд дараачийн алхмаа хийхэд бэлэн болж байлаа. Владимир Комаров, Борис Егоров, Константин Феоктистов гэх Зөвлөлтийн гурван нисэгчтэй баг 1964 оны аравдугаар сарын 12-нд “Восход-1” хөлгөөр сансарт хөөрч, дэлхийг 16 удаа тойров. Таван сарын дараа “Восток-2” хөлгөөр хөөрсөн Алексей Леонов хүн төрөлхтний түүхэнд анх удаа задгай сансарт гарлаа. Дараачийн алхам нь сар. Королёв үүнд бэлэн байв. Хрущёвыг огцорсны дараа 1964 онд Королёвыг сансрын хөтөлбөрийг биечлэн хариуцагчаар томилж, уг хөтөлбөрийн хүрээнд 1967 оны аравдугаар сард саран дээр буухаар урьдчилан төлөвлөв. Энэ үйл явдал Октябрын хувьсгалын 50 жилийн ойд зориулагдах байлаа. Сансрын багийг саранд хүргэх “Союз” хөлөг, дагуулын гадаргад зөөлөн буух “Луна” аппаратын төслийг Королёв боловсруулж эхэлжээ. Түүнчлэн Ангараг гарагт хүн аваачих Циолковскийгийн мөрөөдлийг хэрэгжүүлэхийг эрмэлздэг байсан ч түүнийгээ биелүүлэх ерөөлгүй байж.
Мэс засал хийхээр Королёвыг 1966 оны нэгдүгээр сарын 6-нд эмнэлэгт хэвтүүлэв. Эмч нарын хэлснээр бүдүүн гэдэсний хавдар хүндэрсний улмаас ес хоногийн дараа Королёв амьсгал хураасан. Гэхдээ энэ үхлийн шалтгааны тухай одоо хэр нь эргэлзээ байдаг юм билээ. Королёвыг амьд байхад Михиал Янгель, Владимир Челомей, Валентин Глушко зэрэг өрсөлдөгч зохион бүтээгчийн зүгээс ажилд нь саад хийх гэсэн оролдлого гарч байсан гэдэг. Королёвыг залгамжлуулахаар Василий Мишинийг сонгов. 1967 онд сар луу хүн илгээж, 1968 онд тэнд хүн буулгах зорилгод хүрэхийн тулд Мишинд асар их дарамт үзүүлж байжээ. Бүхээгт нь Комаров суусан “Союз-1” хөлгийг 1967 оны дөрөвдүгээр сарын 23-нд хөөргөсөн нь Королёвыг нас барсны дараах анхны үйл явдал байв. Төслийн инженерүүдийн мэдээлснээр зохион бүтээх үйлдлийн 203 алдаа, дутагдал байсан ч хөлөг хөөрч, тэр даруйд нь доголдол илэрчээ. Юуны түрүүнд нар оруулах нэг хаалга нээгдээгүйгээс хөлөг эрчим хүчээр дутагдаж эхэлсэн байна. Дараа нь хэд хэдэн төхөөрөмж жагсаалаас гарсан тул “Союз-1”-тэй залгагдах байсан “Союз-2”-ыг хөөргөхийг зогсоов. Дэлхийг тав тойрсны дараа “Союз-1” хөлөг дэлхийн атмосферт орж ирэв. Гэтэл шүхэр нь нээгдсэнгүй, Комаров нөөц шүхрийг ажиллуулах гэсэн ч бас дэлгэгдсэнгүй. Королёвын халааг авсан хүний удирдлагаар хийсэн анхны нислэг аймшигтай сүйрлээр төгсөх нь тэр. Энэ нь сансрын бүх хөтөлбөрийн түүхэнд хүний амь үрэгдсэн эхний тохиолдол юм.
Ийм тохиолдол цаашдаа газар авч, сансарт ниссэн анхны хүн Гагарин 1968 онд туршилтын нислэг хийж байгаад эмгэнэлтэйгээр амиа алдсан. 1969 оны туршид Зөвлөлтийн сансрын хөтөлбөрт нүгэл нүүрлэсэн гэж хэлж болно. Королёвын үхэл, түүнийг залгамжлагчдын бүтэлгүйтэл нь ЗХУ сансрын өрсөлдөөнд тэргүүллээ алдах, цаашдаа саран дээр хүн буулгах зорилтоо биелүүлж чадаагүйн зайлшгүй шалтгаан болсон юм. Королёвын эрүүл мэнд санаанд оромгүйгээр муудаж, эгзэгтэй үед тэрбээр амьсгал хураагаагүйсэн бол түүх одоогийнхоос өөр байж ч мэдэх юм. Эцэст нь хэлэхэд, нэр хүндтэй хурц тод удирдагч нэг байхад л аливаад шийдвэрлэх хүчин зүйл, амжилт олохын ч, алдаа гаргахын ч эх үндэс болдог аж.