2024 оны спортын ертөнцийн гол дүр нь хэн бэ. Н.Жокович, Л.Маршан, Родри, Н.Йокич, А.Дюплантис, Р.Маккинноний хэн нь вэ?
Энэхүү жагсаалтад Словенийн Т.Погачар, Бельгийн Р.Эвенепул нарын хоёр дугуйчныг заавал оруулах ёстой юм. Учир нь М.Индурайн, Л.Армстронг, Ф.Канчеллар, Я.Ульрих, К.Фрум зэрэг домгуудын “очиж” чадаагүй амжилтад тэд энэ улиралд хүрч, ялалтын арвин ургац хураагаад байна.
Тухайлбал, Р.Эвенепул Парисын олимпоос хошой алтан медаль хүртсэн. Түүнээс өмнө ийм амжилтад хүрсэн дугуйн спортын тамирчин огт үгүй. Түүнчлэн ДАШТий цуваа гараанд тэрбээр түрүүлжээ. Харин Т.Погачар бол гурвалсан амжилтын эзэн. Тэрбээр “Жиро Д`Италиа”, “Тур де Франс”т түрүүлж ДАШТий багийн уралдаанд тэргүүлсэн юм. Яг ийм амжилтыг 1974 онд Э.Меркс, 1987 онд С.Роуч үзүүлж байлаа. Харин нэг жилд байгуулсан ялалтын хувиар авч үзвэл Т.Погачар дугуйн спортын түүхэн дэх хамгийн шилдэг амжилтын эзэн болоод байна.
“МАХЧИН” ДУГУЙЧИН
Т.Погачарын намтарт содон зүйл бараг үгүй. 2020 онд 21 настайдаа “Тур де Франс”т түрүүлсэн. Түүнээс хойш уг алдартай уралдаанд дахин хоёронтоо тэргүүлээд байна. Өдгөө тэрбээр дэлхийн чансааг тэргүүлж буйгаас гадна жилийн зургаан сая еврогийн орлоготой хамгийн баян дугуйчин болсон. Поги (түүний хоч) ямар ч төрөлд уралдсан өрсөлдөгч нартаа боломж олгох дургүй, үргэлж түрүүлэхийг хичээдэг учраас дугуйн спортын хүрээллийнхэн түүнийг “махчин” гэж нэрлэх болжээ. Цагтаа алдарт Э.Мерксийг ч ингэж нэрлэдэг байсныг сануулъя. Харин энэ талаар словени дугуйчин “Би юун махан идэштэн байх вэ дээ. Харин ч амттай зүйл идэх дуртай” гэж өгүүлсэн байдаг.
ХӨЛ БӨМБӨГЧ АСАН
Харин Р.Эвенепулийн түүх тун содон бөгөөд адармаатай. Тэрбээр эхлээд хөл бөмбөгөөр хичээллэсэн бөгөөд тун сайн тоглодог учраас “Андерлехт”, ПСВ багийн академи, Бельгийн U16 насны шигшээ багт тоглож байв. Гэвч 15 настайдаа хөл бөмбөг тоглож байгаад гуяа гэмтээжээ. Ингээд талбайдаа аль болох хурдан эргэн гарахын тулд дугуй унаж эхэлсэн байна. Улмаар гэмтлээ эдгээх хүртлээ өдөр бүр дугуй унаж байсан аж. Гэсэн ч багийнхаа гарааны бүрэлдэхүүнд тоглохоо больж, удалгүй мэдүүлэгт ч багтахгүй болсноор хөл бөмбөгчин болох хүсэл нь унтарчээ. Амьдралаа спортгүйгээр төсөөлж чаддаггүй өсвөр насны хүү удалгүй депресст оров. Хичээлээ тасалж, хөл бөмбөгч бус, биеийн тамирын багш болно гэдэгтэй эвлэрч эхэлжээ. Ремко уур хилэнгээ дарахын тулд аавынхаа дугуйг (аав нь 1990ээд оны эхээр мэргэжлийн дугуйчин байсан ч онц содон амжилт гаргаагүй) унаад нүдний хараа хүрэх газар луу жийдэг болсон байна. Гэвч удалгүй дугуйн спортод дуртай болж ааваасаа нууцаар хичээллэж эхэлсэн гэнэ.
Улмаар 2017 оны дөрөвдүгээр сард хотынхоо уралдаанд оролцож, эхний 10т шалгарсан байна. Тэр цагаас хойш Ремко өөртөө итгэх итгэлээ олж, тамирчин болох хүслээ эргүүлэн авчээ. Дугуйчин болохоор эргэлт буцалтгүй шийдэж, дунд сургуулиа ч хаясан аж.
Түүний амжилт сар, жилээр бус, өдөр өдрөөр нэмэгдсээр Европын, дараа нь залуучуудын ДАШТий аварга болов. Ийнхүү дугуйн спортод дөнгөж хөл тавиад байсан түүнийг том багууд ангуучилж эхэлсэн ч Ремко нутгийнхаа “QuickStep”гийг сонгожээ. Өмнө нь хэн ч түүн шиг 18 настайдаа мэргэжлийн дугуйчин болж байгаагүй билээ.
Тэр цагаас хойш бельги хүү дээр дурдсан сүрдэм амжилтуудаас гадна дараах жагсаалтын эзэн болоод байна.
• XXI зуунд домогт “ЛьежБастоньЛьеж” уралдаанд хоёр удаа түрүүлсэн анхны дугуйчин
• Сүүлийн 44 жилд гранд тур уралдаанд (Вуэльта2022) түрүүлсэн анхны бельги дугуйчин
• Гурван ДАШТд дараалж цуваа гараатай уралдаанд түрүүлсэн
• Олимпын наадамд алтан дублийн эзэн болсон
• Бельгийн оны шилдэг тамирчнаар гурвантаа шалгарсан.
Түүнийг ирэх арванхоёрдугаар сард уг шагналыг дөрөв дэх удаагаа хүртэнэ гэдэгт эргэлзэх хэрэг бараг үгүй юм. Сонирхолтой нь, эрэгтэйчүүдээс Э.Меркс уг шагналыг 1970аад онд зургаан удаа хүртсэн бол теннисчин К.Клийстерс, жүдоч И.Берманс нар тус бүр найман удаа авч байв.
Ийм л сүрдэм амжилттай хоёр дугуйчин өдгөө халз дуэль өрнүүлж, эл спортыг сонирхогчдыг байлдан дагуулах боллоо. Гэхдээ олимпын хошой, дэлхийн гурван удаагийн аварга Р.Эвенепулын хувьд дугуйн олон өдрийн уралдааны уулын гараануудад Т.Погачарыг ялах боломж бага гэж хүмүүс үздэг. Ремко өөрөө ч словени залууг дэлхийн шилдэг дугуйчин гэж нэрлэдэг юм.
Хэдий залуудаа агуу амжилтад хүрээд буй ч эл хоёр дугуйчинд зорих амжилтууд бас бий. Тухайлбал, Р.Эвенепул “Жиро Д`Италиа”, “Тур де Франс” уралдаанд, харин Т.Погачар “Вуэльта”, олимпын наадамд түрүүлэх ёстой. Тэгж чадвал тэд дугуйн спортын бүхий л том шагналыг өөрийнх болгох юм. Гагцхүү хэн нь түрүүлж ийм амжилтад хүрэхийг цаг хугацаа харуулах биз ээ.
Э.МАНЛАЙБААТАР