2024 оны наймдугаар сарын 16. “Шинэ парламент бүрдэж, шинэ 30 жил эхэлж байна. Цоо шинэ хандлага бүхий шинэ мянганы залуус хаалга тогшиж байгааг мэдэрч, өөрчлөлтийн манлайлал биднээс, энэ танхимаас эхлэх ёстой. Шинэ 30 жил бол тэднийх юм. Цагийн зүү буцаж эргэдэггүй ээ. Эргэх ч ёсгүй”. УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дараа байгуулсан хамтарсан Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ уянгын халил, уран зөгнөл нь хэтэрчихсэн эдгээр үгийг хэлж, “шинэ 30 жил” хэмээх суртал ухуулгын шинэ он тоолол эхлүүлснээ чуулганы индрээс ийнхүү тунхаглав.
Ардчилсан хувьсгалаас хойших 34 жилийн бараг 30-д нь МАН засаглажээ. Тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 30 жилийн тал хувьд нь буюу 2009 оноос хойш улс төрийн өрөгт тоглож, тэмцвэл тэмцэхээр, өөрчилбөл өөрчлөхөөр хангалттай хугацааг үдсэн байна. Тийм атлаа гэнэт тэнгэрээс буугаад ирсэн мэт “Одоо л шинэ 30 жилээ эхлүүлье” хэмээн цээжээ дэлдэхийг эрүүл ухаанаар ойлгоход бэрх. Бас “Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэж, олон жил улстөржин гацсан төслүүдийн зангилааг тайлна” хэмээн сүржигнэх нь хачирхалтай.
Уг нь шинэ гэдэг бол “хуучин бус, сая гарсан, хуучраагүй” гэх утгатай үг. Гэвч энэ тодорхойлолтод тохирох шийдвэр, шийдэл, хандлага өмнөх Засгийн газрыг тэргүүлэхэд, дараагийн танхимаа бүрдүүлээд хийж буй ажлаас нь ч “үнэртсэнгүй”. Суртал ухуулгын сонгодог жишээ болсон “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэх мэт ямар ч хэрэггүй цаасныхаа нэрийг илүү сүржин буюу “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээн хувиргасныг эс тооцвол хуучнаасаа өөрчлөгдсөн зүйл ер алга. Товчхондоо, бид шинэ бус, хуучин, магадгүй түүнээс ч дор 30 жилийг туулах төлөв бодит байдлаас харагдана.
Хуучин “технологи”
“Монгол Улс хөгжлийнхөө гараан дээр ирлээ” гэдэг үг бидний чихэнд улиг болсон билээ. Дарга нар энэ үгийг сонгууль бүрийн өмнө иргэдэд итгүүлэх гэж давтсаар үнэ цэнийг нь алдагдуулчихсан. Гэвч бид өдий хүртэл хөгжлийн “галт тэрэг”-нд суусангүй, яг энэ гараан дээрээ 30 жил гацаж байна. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ч ийм хуучин “технологи” ашиглаж буй. Ерөнхий сайдын төсөөллөөр бол манай улсад “шинэ 30 жил” эхэлж, монголчууд бид хөгжлийн “галт тэрэг”-ээр хурдлах юм байх. Зөвхөн энэ жишээнээс л түүнийг ирэх жилүүдэд шинэ зүйл огт сэдэхгүй, хийхгүй, зөвхөн иргэдийг хуурахад л анхаарна гэдгийг ойлгож болно. Бас төлөвлөгөө алс байх тусам өөрөөс нь холдож, мартагдуулахад, олныг хуурахад амар гэдгийг эрхэм дарга ойлгочихсон байгаа юм.
Санаанд багтамгүй худал түүх зохиож ярьдаг хүнийг Мянгуужин, тийм худал түүхийг Мянгуужингийн үлгэр хэмээдэг талаар манай бичгийн болон аман зохиолуудад олонтоо дурдсан байдаг. Яг ийм үлгэрийг л Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд яриад яваа. Өөрөөр хэлбэл, хуучин 30 жил муухай байсан, шинэ 30 жил сайхан болно гэсэн уран зөгнөлийг тэрбээр иргэдийн тархинд “шингээх”-ийг оролдсоор байна. Нөгөөтээгүүр, гуравхан сарын ажлыг ч олигтойхон төлөвлөөд хэрэгжүүлж чадалгүй, холион бантан хутгадаг МАН-ын дарга нар 30 жилийн цаадхыг олж хараад, улсаа хөгжүүлнэ гэж хүлээсээр байх уу.
Харамсалтай нь, бодит байдал Л.Оюун-Эрдэнийн үзэл суртлаас огт өөр, ер нь цаашид МАН засагласаар байвал шинэчлэгдэх байтугай хуучнаасаа ч дордохыг тус намын гишүүд нь хүртэл хэлж, шүгэл үлээж эхлээд байна. Тухайлбал, МАН-ын гишүүн, хуульч Б.Гүнбилэг “Манай нам гарвал утга алга. Бүх нийтээрээ балай гэдэгт л итгэхээс. МАН маань үгүй болж байж л Монгол арай дээрдэх юм биш үү. Намдаа зүтгэж, итгэж, олон сонгуулиар сурталчилж, зарим үед эсрэг намын Ерөнхий сайдыг ажил хийлгэхгүй зууралдаж явсандаа гутардаг боллоо. “МАН бол авлигын их сургууль юм” гэдгийг мах цусаараа, өнгөрсөн жилүүдэд өөрийн салбарт бугшсан идээ бээрээс харж байна. Автобус хүлээж хар хүйтэнд өчнөөн цагаар зогсдог, бүх нийтээрээ түгжирдэг, утаандаа харх шиг амьдраад сурчихсан улаанбаатарчууддаа хэлье, өөртөө хэлье. Хохь нь ээ. Та нар МАН-даа саналаа өгөөрэй” гэж олон нийтэд хандан бичсэн юм.
Тууз хайчилж,танилцах аялал хийсээр байна
Л.Оюун-Эрдэнэ 2021 онд Ерөнхий сайдын албан тушаалд анх томилогдохдоо “Монгол Улсын хамгийн залуу Ерөнхий сайд нарын нэг болов” гэж өөрийгөө өчнөөн сурталчлуулсан. Тэрбээр нас залуу, 1980-аад оны төлөөлөл гэдэгтэй маргах аргагүй. Харамсалтай нь, үзэл бодол, харах өнцөг, үйлдэл, ажил явуулах арга барил нь 1950-1960 оны төлөөлөл болсон ах нараасаа ер ялгарахгүй. Яг өмнөх үеийнхэн шигээ ярьсаар, суртал ухуулга хийсээр, уриа лоозон хашхичсаар байгаа. Бас энд тэнд очиж тууз хайчилсаар, танилцах аялал хийж буйгаас нь ч үүнийг мэдэрч болно. Жишээ нь, улиран томилогдсоноосоо хойших гурван сар орчмын хугацаанд дөрвөн удаа тууз хайчилж, мөн тооны танилцах аялал хийж амжаад байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай дөрөө харшуулан Яармагийн шинэ гүүр, Бөөрөлжүүтийн станц, “Хүрээ” амаржих газрын нээлтийн ёслолд оролцсон. Түүнчлэн барьж дуусдаггүй газрын тосны үйлдвэр дээрээ нэг удаа очиж үзжээ. Мөн байгуулах, эсэхэд нь ч эргэлзэхээр Сэлбэ дэд төвийн ажилтай танилцлаа.
Засгийн газраас гаргасан шийдвэрүүдээс нь ч шинэ салхи сэвэлзсэнгүй. Л.Оюун-Эрдэнэ шинэ танхимаа байгуулснаас хойш өдий хүртэлх хугацаанд 10 удаа хуралдуулжээ. Ингэхдээ өвөлжилтийн бэлтгэл хангах, яамдын бүтэц, орон тоог батлах, цэцэрлэг, сургуулийн хүрэлцээний талаар мэдээлэл сонсох, үерийн улмаас эвдэрсэн байгууламжуудыг засах гэх мэт цаг үеийн асуудлуудыг голчлон хэлэлцлээ. Үүнээс гадна юу хийв гээд харахаар, Засгийн газрын 100 хоногийн ажлын даалгавар, 14 мега төслийг хэрэгжүүлэх, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг боловсруулах гэх мэт улиг болтол хэлэлцсэн ч олигтой шийдэлд хүрээгүй төслүүдээсээ хэтэрсэнгүй. Мөн “Цаасгүй засаг” арга хэмжээ, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ахиулах гэх мэт эхэлдэг ч үгүй, дуусдаг ч үгүй асуудлуудаа тойрсон “амжилттай”-гаар Засгийн газрынхаа 100 хоногийг угтаж байна.
Намчирхсан томилгоо
Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй л гэдэг. Гэтэл хувь заяаны шоглоом гэдэг шиг “шинэ 30 жил”-ийн өнгийг улс төрөөс “тэтгэвэрт гарсан” хүмүүс тодорхойлох юм гэнэ. “Шинэ мянганы залуус хаалга тогшиж байна” гэж мэдэгдсэн Ерөнхий сайд ямар нэгэн тохироо, шантааж, намчирхсан байдлаар бялуу хуваадаг, ах нартаа тал засаж, албан тушаал бэлэглэдэг байдлыг хамгийн түрүүнд халах ёстой байв. Улмаар залуустаа урам өгч, аль нэг нам гэж ялгаварлалгүйгээр өөрчлөлт, шинэчлэлээ хамтран хийх болов уу гэж хүлээсэн. Даанч намчирхсан үзэл, хандлага нь түүний зорилгыг үгүй хийсэн бололтой, нөгөө л хэдхэн хүнээ танхимдаа сэлгэн томилж, харьяа яам, агентлаг, төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудыг хүртэл ах нартаа “бэлэглэж” буй талаарх шүүмжлэл тасрахгүй байна. Боловсрол, шинжлэх ухааны сайд байсан Л.Энх-Амгаланг шууд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хуваарилж, “Түгжрэл”-ийн сайд байсан Б.Дэлгэрсайхан “дэвшээд”, Зам, тээврийн салбарыг удирдахаар болсон нь үүний нотолгоо.
“Монголчууд түүнд өртэй юм уу” гэж халаглахаар, даргын суудлыг байнга шахам бөглөдөг нэлээд хэдэн хүн манайд байдаг. Тэдний төлөөлөл одоо ч биднийг орхиогүй бөгөөд улсаа “хөгжүүлэх” их үйлсэд цаашид ч оролцох юм гэнэ. УИХ-ын гишүүнээр тасралтгүй таван удаа сонгогдсон Н.Энхболд парламентаас “нэрээ татаад”, нэгмөсөн амрах нь уу гэтэл Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд болчихсон. УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд өрсөлдөөд ялагдсан, гишүүн асан Д.Тогтохсүрэн “Монголросцветмет”-ийн дарга болжээ. Удахгүй “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар бас нэг “ах” томилогдох сурагтай гэнэ. Мөн өчнөөн жил төрд ажиллачхаад дурсагдах гавьяа байгуулаагүй хүмүүс энд тэнд газрын дарга, зөвлөхийн орон тоог ч бөглөж байна.
Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгох уу
Ерөнхий сайд сүүлийн үед нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатартай хамтран Улаанбаатарыг бетонон ширэнгэ болгох тухай ярих боллоо. Бас шинэ хотууд, дэд төвүүд байгуулна гэж мөрөөдөж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хүртэл байгуулчихлаа. Гэтэл хот гэдэг хэн нэгэн даргын санаагаар бий болчихдог ч зүйл биш. Нөгөөтээгүүр, нийслэлчүүдийг бетонд хашсанаар асуудал шийдэгдэхгүйг олон хүн шүүмжилсээр байна. Нийтлэлч гэдгээрээ олонд танигдсан Б.Болор-Эрдэнэ энэ талаар анхааруулж, “Хотыг төрийн зардлаар орон сууцжуулах санаагаа Л.Оюун-Эрдэнэ газар нутаггүй Сингапур, Хонконгоос авсан. Тал нутгийн монгол хүнийг нэг нэг бетонд хаших, түүндээ түгжирч очих замын ажилд Монголын бүх мөнгө, хөгжлийн боломжийг цутгах ямар хэрэгтэй гэж. Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар хоёрын ядуу мөрөөдөлд дахиад хэдийг төлөх вэ. Монголоос дөрөв дахин бага газартай, 40 дахин их хүнтэй Японд хүртэл моргэйжээр хаус авдаг юм шүү дээ. Орон сууц бол өвлөх хөрөнгө биш” гэжээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл үүнийг аль эрт олж хараад, Улаанбаатарыг дахин төлөвлөхдөө амины орон сууцын хороолол олноор бий болгох санаачилга гаргаж байв. Харамсалтай нь, нийслэлд МАН-ынхан эзэн сууснаас хойш түүний санаачилгыг хав дарчихсан билээ.
МАН-ынхны энэ мэт пиар, сурталчилгаа бүгд оргүй хоосон, дарга нарын үүсгэсэн “вакум орчин” төдий гэдгийг эгэл жирийн иргэдийн аж амьдрал, самарчихсан, ундуй сундуй болтол нь “дэлбэлчихсэн”, хог шороо, утаа, бохир нь утгаа алдчихсан Улаанбаатар хотын жишээгээр л баталчих боломжтой. Тэд “вакум орчин”-доо хэтэрхий автаад, олны санал, шүүмжлэлийг ч хүлээн авахаа больчихлоо. Уг нь нийтийн тээврээ сайжруулах, дэд бүтцээ хөгжүүлэх, хотоо дахин төлөвлөж цэгцлэх, хоггүй болох, цаашлаад утаа, түгжрэлээсээ салах гэх мэтийн суурь асуудал өчнөөн байхад Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Өнгөрсөн 30 жил, шинэ 30 жил, С.Зориг агсан, системийн авлига, би тэмцлээсээ ухрахгүй” гэж олны тархийг угаасаар явна. Цаашдаа ч бас үүнийгээ ярьж цаг хугацааг аргацаах бололтой. Ерөнхий сайд аа, таны сайхан үгээр чимэн яриад байгаа “шинэ 30 жил” яг хэзээ эхлэх юм бэ.
М.ОЧ