“Дэрэн” клубийн хаалгач, “Хад”-ын довтлогч Э.Цэнджав хүүхэд байхаасаа хөл бөмбөгөөр хичээллэсэн тоглогчдын нэг. Тэрбээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын биеийн тамирын багш, “Титэм Хужирт” клубийн дасгалжуулагч Д.Эрхэмбаярын удирдлагад бэлтгэл хийж, спортын замналаа эхлүүлжээ. Аав, ээжийнхээ зөвлөснөөр хичээлдээ нэг хэсэг анхаарал хандуулж, ногоон талбайд эргэн ирсэн цагаасаа дотоодын томоохон тэмцээнүүдэд өрсөлддөг болсон юм. Тухайлбал, Монголд 2018 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-ий I шатны тэмцээнд эмэгтэйчүүдийн шигшээ багийнхантай оролцож, дараа жил нь “Дэрэн” клубийнхэнтэй “Үндэсний дээд лиг”-ээс хүрэл медаль хүртэж байв. Тус клубийнхэн 2020 онд эмэгтэйчүүдийн дээд лигийн аваргаар тодроход тэрбээр шилдэг хаалгачаар шалгарсан. Түүнчлэн 2021 онд UBC FC клубт тоглохдоо дээд лигт түрүүлэн аваргын цом өргөж, тэр жилээ футзалын эмэгтэйчүүдийн АШТ-ээс цом, мөнгөн медаль гардсан билээ. Тэгвэл 2022 онд “Төв буганууд” багт нэгдэж, эмэгтэйчүүдийн дээд лигт III, футзалын лигт II байр эзлэв. Өнгөрсөн жил “Брера илч”-ийнхэнтэй эмэгтэйчүүдийн дээд лиг болон футзалын лигт өрсөлдөж, тус бүр мөнгөн медалийн эзэн болсон юм.
-Спортод хөл тавьсан тамирчдын түүх сонирхол татдаг. Охид хөл бөмбөг тэгтэл их сонирхдоггүй байх үед Д.Эрхэмбаяр багш ямар үг хэлээд таныг шавиа болгочхов?
-Өвөрхангай аймгийн Хужирт сумын сургуулийн V ангид сурдаг байхад Д.Эрхэмбаяр багш надад “Чи хөл бөмбөгөөр хичээллэх үү. Секцэнд явж, бэлтгэл хийх тун сонирхолтой шүү” гэв. Түүний хэлсэн үгийг бодож явсаар нэг өдөр тоглож үзтэл их таалагдлаа. Манайхан намайг сүрхий дэмжээгүй ч хүсэл сонирхлыг минь нэг их хорьсонгүй. Тэр цагаас хөл бөмбөгт тэмүүлэх болж, өсвөр үеийнхний УАШТ-д оролцож эхэлсэн. Дотоодын тэмцээнд аймаг, сумаа төлөөлж, багийнхантайгаа өрсөлдөнө гэдэг тухайн үед томоохон амжилт байв. Багш багийнхаа тоглогчдын эвийг олохоос гадна урам өгч, зоригжуулан хурцалдаг нь бидэнд их таалагддаг байсан. Анги дэвших тусам тэмцээнүүдэд алгасалгүй оролцож, хичээлээс чөлөө авах нь ихэссэн тул аав, ээж “Чи одоо хөл бөмбөгөөс илүү хичээл сурлагадаа анхаарах хэрэгтэй. Ирээдүйд мэргэжил боловсрол эзэмшихэд чинь хэрэг болно” гэж зөвлөдөг боллоо. Хэдэн жил завсарлах хугацаанд багийнхаа нөхдийг маш их үгүйлсэн. 10 дугаар ангид орох жилээ шийдвэр гаргаж “Миний сонирхол ерөөсөө хөл бөмбөг юм байна. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг дагах нь илүү аз жаргалтай” гэж бодоод эргэж ирсэн. Өмнө нь довтлогчоор тоглодог байсан би дахин хөл тавихдаа хаалгач болж байлаа. Бэлтгэл хийсэн анхны өдрөөс хаалгач сонирхолтой санагдсан тул бүхнийг эхнээс нь сурсан даа.
-Эмэгтэйчүүдийн шигшээ багт дуудагдаж, бүрэлдэхүүнд нь багтахдаа ч хаалгачийн үүрэг гүйцэтгэсэн шүү дээ.
-Тийм ээ. Хөл бөмбөг тоглодог бүхэн шигшээ багийн босгоор алхдаггүй. Багийн бүрэлдэхүүнд анх дуудагдахдаа “Би чадах болов уу, яах бол” гээд бодож билээ. Тамирчин хүнд анхны тэмцээн, медаль нь хэзээ ч мартагддаггүй. Монголд 2018 онд Зүүн Азийн АШТ-ий I шатны тоглолт зохион байгуулахад эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан ялалт байгуулж, аваргын алтан цом өргөсөн нь хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Нутгийнхаа ногоон талбайд хөгжөөн дэмжигчидтэйгээ хуваалцсан бидний баяр хөөр одоо ч чихэнд сонсогдож, нүдэнд харагддаг юм.
-Умард Марианы болон Гуам улсын багийг талбайд буулган авч, анхны тоглолтоо хожлоор эхлүүлсэн бахдам түүхийг ч та ч бас бичилцсэн шүү дээ.
-Бид тэр тоглолтод бүх хүчээ шавхаж гаргасан. Хэцүү хэрнээ хэзээ ч мартахгүй тийм л сонирхолтой тоглолт болсон. Манайхтай тоглосон багуудаас хамгийн хүчтэй нь Гуам улсынх байв. Бид тэднийг хэрхэн ялснаа одоо ч дурсах дуртай. Тэр тэмцээнд хаалгачаар оролцсон. Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө том тэмцээнд анх удаа тоглоно гэж бодохоор догдолж, сандарч байлаа. Хөл бөмбөгийн тэмцээнд нэг гоол алдахад сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Тийм үед хожлын тухай ярихад хэцүү шүү дээ. Хаалгач тэмцээний үед сэтгэл зүйгээ зөв залж, удирдах ёстойг тэр тоглолтоос маш их мэдэрсэн.
-Тэр жилийн зун шигшээ багийнхан амрах завгүй бэлтгэл хийсэн. Тамирчин хүний тэсвэр хатуужлаас суралцахын хэцүүг тухайн үед илүү мэдэрсэн үү?
-Бид Зүүн Азийн АШТ-ий I шатны тоглолт эхлэхээс сарын өмнө өдөрт хоёр удаа бэлтгэл хийдэг байлаа. Өндөр ачаалалтай сургуулилалт надад олон зүйлийг ойлгуулсан. Тухайн үед үнэхээр халширч, бараг зугтмаар санагдана. Миний хувьд шигшээ багт нэгдсэнээр олон улсын тэмцээнүүдэд оролцдог болсон юм. Тэр үеэс тамирчны амьдралаар амьдарч, бэлтгэл, тэмцээн, гэр гэсэн жимээр нэг хэсэг завгүй гүйсэн. Хөл бөмбөгийн тоглолтын 50 хувь нь хаалгачаас хамаардаг тул багийнхаа итгэлийг алдахгүйг хичээдэг байв.
-Улаанбаатарт ирээд танихгүй охидтой баг болж тоглоход эхэндээ амаргүй байсан биз?
-Гэрийнхнийгээ их санана. Нутагтаа очоод аав, ээжтэйгээ уулзвал эрч хүч аваад ирэх юм шиг бодогддог сон. Намайг ирэхэд багийн эгч нар халуун дотно, найрсгаар хүлээн авч, дэмжсэн нь цааш үргэлжлүүлэн тоглоход нөлөөлсөн. Зун хөл бөмбөгийн тэмцээн их болдог. Эмэгтэйчүүдийн дээд лигийн тоглолт эхлэхээр өмнөхөөсөө ч завгүй болно. Тиймээс бүх зүйлээ эртнээс төлөвлөж, зохицуулна. Тоглолт өндөрлөсний дараа нутгаа зорьж, хэд хоног амраад ирдэг. Одоо манайхан миний үнэнч хөгжөөн дэмжигч болсон шүү.
-Тамирчид олон улсын тэмцээнд оролцохдоо дутуу зүйлээ өрсөлдөгчөөсөө олж хардаг. Таны анзаардаг гол зүйл юу вэ?
-Эмэгтэйчүүдийн шигшээ баг байгуулагдаад удаагүй байсан болохоор гадаадын тамирчдын чансаанд мэдээж хүрэхгүй. Хэдий тийм ч тэдний хэмжээнд дөхөж очих гэж бид тэмүүлдэг байлаа. Азийн багуудаас өмнөд хөрш, Австрали, БНАСАУ-ын шигшээгийн ур чадвар, туршлагаар их бахархсан. Колумбийн Богота хотод болсон 20 хүртэлх насныхны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн ДАШТ-д БНАСАУ-ын шигшээ Японы багийг 1:0-ээр буулган авч, аваргын цом хүртлээ. Энэ нь тэдний гурав дахь цом. Хагас шигшээд Аргентин, Нидерланд, Бразилын багийг хожсон тэд АНУ-ын шигшээг 1:0-ээр ялж, 2022 онд дэлхийн аваргаас мөнгөн цомтой буцсан Японы тоглогчидтой аваргын төлөө тоглохоор болсон юм. Азийн цом, Азийн наадам, Зүүн Азийн АШТ-д тус бүр гурван удаа түрүүлсэн тэд IX байрт бичигдэж, Франц, Австралийн багийн өмнө жагслаа. Бид “Ханжоу-2022” Азийн наадамд БНХАУ-ын багтай таарсан юм. Өндөр ур чадвартай тоглогчдоор хүч сэлбэсэн баг, спортын ордных нь суудал үзэгчдээр дүүрсэн байхыг хараад үнэхээр сүрдсэн. Тэр үед тамирчдаа дэмждэг орон ийм л байдаг юм байна гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн шүү.
-Спортын талбар өрсөлдөөнтэй. Тэр хэрээр шантармаар зүйлтэй байнга нүүр тулгардаг байх.
-Спортоор олон хүн хичээллэдэг ч тууштай байх нь ховор. Надтай хамт хичээллэсэн охидын олонх нь ажил, амьдралд хөл тавьсан. Тэднээс өнөөг хүртэл тоглосон нь би л байна. Эмэгтэйчүүдийн дээд лигт надаас гадна ганц нэг тамирчин оролцож харагддаг юм. Би “Дэрэн” клубээс гадна UBС FC, “Төв буганууд”, “Брера илч” багт тоглосон. Гэхдээ бид багийн бүрэлдэхүүнээ өөрчлөөгүй. Манай багийн тамирчдаас зарим нь гадаадад сурахаар явсан тул дээд лигт өрсөлдөх хүч дутмаг болсон. Охид маань одоо өөр өөр багт тоглож байгаа. Миний хувьд энэ удаа “Хад” клубт довтлогчийн үүрэг гүйцэтгэж байна.
-Азийн орнуудын шигшээ багтай тоглохдоо мэдэрсэн зүйлээсээ сонирхуулж яриач.
-Азиас хөл бөмбөгийг өндөр хөгжүүлж буй орон бол БНХАУ. Шигшээ багийнх нь тоглолтын тактик сонирхолтой. Тэд бөмбөгөө хажуугийн дамжуулалтаар явуулж, эсрэг багийн хаалганд гоол хийх нь гайхалтай санагдсан. Багийнх нь тоглогчдын хичээллэсэн он жил, бэлтгэл хийсэн цаг хугацаа, хурд, хүч биднээс илүү нь тэмцээний үед мэдрэгддэг. Манайхан хүч ихтэй ч хөдөлгөөн дутмаг, хурд багатай. Үүнд амьдралынх нь хэв маяг нөлөөлдөг байх. Монголчууд дөрвөн улирлын эрс тэс уур амьсгалд мах голдуу хэрэглэдэгтэй холбоотой болов уу гэж боддог.
-Гадаадын тоглогчид өөр зүйлд бус, зөвхөн ур чадвар, тэмцээн, бэлтгэлдээ анхаарал хандуулдаг юм билээ. Гэтэл манайхан ажиллахын хажуугаар бэлтгэлээ хийж тэмцээнд оролцдог. Энэ нь ч бас нөлөөлдөг болов уу?
-Монголын орчин нөхцөлд тэдэн шиг байж амжилт гаргахад хүнд шүү дээ. Шигшээ багийн тамирчин биш, бол бусад нь ажил хийж, амьдралаа залгуулна. Миний хувьд шигшээ багт байхдаа олон улсын тэмцээнд оролцохдоо хувиасаа зардлаа гаргаад цалингаараа зарлагаа нөхдөг байсан. Одоогоор хөл бөмбөгийн олон улсын тэмцээнд эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан оролцож байгаа. Дээд лигт тоглодог эмэгтэйчүүдийн багаас “Ховд вестерн” клубийнхэн цалинтай болсон гэж дуулдсан. Би хоёр ажил хийдэг. Ресторанд менежер, тогооч. Тэмцээнд оролцохын тулд бэлтгэл байнга хийх ёстой. Тиймээс дээд сургуульд сурч байгаад дундаас нь орхисон. Тэмцээнтэй өдрүүдэд ажлаа тараад бэлтгэл хийдэг. Эмэгтэйчүүдийн дээд лигт хэсэгтээ “Ховд вестерн” багийнхан тэргүүлж яваа. “Хад” клубийнхэн энэ жил залуу тоглогчдоор хүч сэлбэсэн. Тэднээс О.Цасан-Охин, Н.Дашдулам эгч, бид гурав насаар ахмад нь. С.Буд дасгалжуулагч багийнхаа тоглогчдын арга эвийг олохдоо тун сайн. Охидод алдаа, оноо, дутагдлыг зөв хэлж ойлгуулдаг.
-Хөл бөмбөгийн ногоон талбайд сайхан нөхөрлөдөг найзууд танд бий л байх. Тэдэнтэйгээ дээд лигт ана мана өрсөлддөг үү?
-Сайхан нөхөрлөдөг найзууд бий. “Ховд вестерн” багт Б.Энхзаяа, “Хараацай”-д Ө.Бадамхатан тоглодог. Бид тэмцээний үед шударгаар ана мана өрсөлдөж, тоглолтын дараа юу ч болоогүй мэт тэврэлдээд уулздаг юм. “Дэрэн” клуб 2008 онд анх байгуулагдаж, 2015 оноос “Үндэсний дээд лиг”-т оролцож эхэлсэн гэдэг. Би тус клубт 2019 онд хөл тавьсан. Тэр үед нэг дугаартай тоглодог байв. Манайхан тэр жил дээд лигээс хүрэл медаль хүртэж, 2020 онд аваргаар шалгарсан юм. Тэр жилийн дээд лигийн тоглолт санаанаас ер гардаггүй. Бид аваргын төлөө “Арвис” клубийнхэнтэй тоглосон. Тус тоглолтод торгуулийн цохилт хожлыг шийдэх байв. Эмэгтэйчүүдийн лигт 18 буюу хамгийн олон гоол оруулсан Ө.Ундрахын цохилтыг би хааж, хаалгаа амжилттай хамгаалснаар “Дэрэн”-гийнхэн “Арвис”-ын тоглогчдыг 1:0-ээр хожиж, алтан цом гардсан. Тэр тоглолтод би шилдэг хаалгачаар шалгарч байлаа.
-Шигшээд хамт тоглодог байсан эгч нараасаа хэнтэй нь нэг багт нэгдэв?
-О.Цасан-Охин эгчтэй “Хад” клубийн багт нэгдсэн. Миний хувьд энэ жилээс тав дугаартай тоглож байгаа. О.Цасан-Охин, А.Алтантуяа, Б.Намуун эгч нар “Алтан бөмбөг” гардсан туршлагатай тамирчин. Тэд дээд лигт байнга оролцдог. Ичимхий, даруухан намайг хөл бөмбөг олон талаар өөрчилж, нээлттэй, өөртөө итгэлтэй, бие даах чадвартай болгож хөгжүүлсэн.
-Бэлтгэл, тэмцээн гээд тамирчид цагийнхаа ихэнхийг спортын орчинд өнгөрүүлдэг. Тиймээс гарын таван хуруунд багтах цөөн найзтай үлддэг юм билээ.
-Найзууд минь надтай үнэнч нөхөрлөдөг. Би ч тэдэнтэйгээ байнга холбоотой байдаг юм. Бид нэгийнхээ зовлон, жаргалыг сайн ойлгоно. Хийж байгаа зүйлийг нь ч дэмжиж ирсэн. Би энгийн, өөрийнхөөрөө байх дуртай. Хүүхэд нас, 10 жилийн сургууль, хөл бөмбөгийн талбайд нөхөрлөсөн найзуудынхаа хэнийг нь ч ялгаварлахгүй хүндэлж харилцдаг. Миний хувьд багаасаа спортод дурласан. Хөл бөмбөгөөс гадна сагсан бөмбөг, волейбол тоглож, сургууль, сумаасаа зохион байгуулсан тэмцээнд оролцдог байлаа.
-Таны ярианаас спорпод дурлаж, тамирчин болсондоо талархдаг болохыг тань ойлголоо.
-Тамирчин болсондоо баярладаг. Би айлын том охин. Гурван дүүтэй. Багаасаа бие дааж өссөн. Спортын талбар дахь өрсөлдөөн, тэмцэл, баяр, гуниг дунд шантрах зүйлтэй багагүй тулгардаг. Хааяа уйлах тохиолдол бий. Хэцүү санагдсан ч гэрийнхэндээ хэлдэггүй. Эгчийн хувьд одоо дүү нараа аваад явчих хэмжээнд хүрсэн. Спортын хатуужил, тэвчээрээс суралцах эхэндээ хэцүү санагддаг ч хожим хэр баргийн зүйлд сөгдөхөөргүй сэтгэлийн хаттай болдог.
-Хаврын салхи, шороог анзаарах сөхөөгүй, сайртаж харлатлаа бөмбөг өшиглөөд гүйж явсан хүүхэд насныхаа дурсамжаар хааяа аялах дуртай юу?
-Тэр үед хөл бөмбөгт дурлаад, эцэж ядрахыг ч мэдэхгүй сэтгэл татагдаж явсан мэдрэмжээ юутай ч зүйрлэмээргүй санагддаг. Хэрвээ аав, ээж минь дэмжээгүй бол хөл бөмбөгийн гайхамшгийг мэдрэхгүй өнгөрөх байсан. Багийн спортоор хичээллэсний давуу тал алхам тутамд хэрэг болдог. Хаана ч очсон хүмүүстэй зөв ойлголцоно, ажлын ачаалал даахаас гадна хамт олноо зөв зүйлд уриалж, эерэг харилцдаг.