Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг, “Москва” хороолол д ээж, ааваасаа өвлөн авсан тохилог сууцтай нэгэн танил маань саяхнаас хотын төвийн хуучин байрт төвхнөжээ. Өмнө нь амьдарч байсан байр нь гурван өрөө, 64.3 ам метр бол одоогийнх нь хоёр өрөөтэй, 54 ам метр гэнэ. Тэрбээр “Москва” хороолол дахь байраа зарах гэж багагүй хугацаа зарцуулсны эцэст анх хэлсэн ханшаасаа 20 сая орчмоор буулгаж, мөн үл хөдлөх хөрөнгө зуучлагчдад “хэдэн цаас” өгч байж борлуулсан аж. Ингэхдээ байрныхаа нэг ам метрийг зах зээлийн үнээс хамаагүй хямдаар буюу 2.6 сая орчим төгрөг өөр тооцсон байна. Харин хотын төв дэх байраа ам метрийг нь 5.5 сая төгрөгөөр үнэлж, 300 орчим сая төгрөгөөр худалдан авчээ. Үүн дээрээ гарааш зарсан мөнгө, өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан хэдэн төгрөгөө ч нэмэрлэсэн гэх.
Юуны учир ийм “дордуулсан” сонголт хийсэн талаар түүнээс асуухад “Дордсон гэж бодохгүй байна. Байраа зартлаа бөөн ажил болсон нь л төвөгтэй санагдсан. Бид байраа томруулах талаар биш, гоё байршилтай газар луу нүүх тухай л ярьдаг байсан. Ямар ч байсан зорьсондоо хүрлээ. Харин хуучин байр авах уу, шинээр солих уу гэдэгт нэлээд эргэлзсэн. Гэр бүл, найз нөхөдтэйгөө зөвлөлдсөөр хотын яг төв цэгт, 11 дүгээр сургуулийн ойролцоо байр авлаа. Гол давуу тал нь нөхөр маань ажилдаа ойртсон, бид гурав ч өвөөгийнх рүүгээ дөхсөн. Автобус унаа хүлээх, такси дуудах шаардлагагүйгээр бүгдийг амжуулж болж байна. Хуучин боловч тохилог, өрөөний зохион байгуулалт сайтай байртай болсон. Өнгөрсөн сард багахан засвар хийлээ. Хуучны байруудыг худалдан аваад интерьер дизайны мэргэжлийн хүмүүсээр засвар хийлгэсэн, эсвэл өөрсдөө ч тохижуулж өөрчилсөн айл цөөнгүй байдаг юм билээ” хэмээн хариулсан юм.
Уншигч та түүний оронд байсан бол ийм сонголт хийх үү. 64.3 ам метр байраа 54 ам метртэйгээр солихын тулд хуучин орон сууцынхаа үнэлгээнээс хоёр дахин ихийг төлөх үү. Тэгээд бүр шинэ ч биш, хуучин сууцад шүү дээ. Таныг үүнд хариулах гэж бодолхийлэх зуурт л хэн нэгэн хаа нэгтээ ийм наймаа хийж байгаа. Хотын төвд хуучин ч хамаагүй орон сууц олж авъя гэсэн олон хүн цахим орчинд байрны “эрэлд” гарч буй. Тансаг зэрэглэлийн, эсвэл хотоос зайдуу, агаар, ус сайтай газарт байршилтай сууцууд л үнэд хүрдэг цаг өнгөрч. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг, худалдаа, үйлчилгээний төвд ойр буюу нийгмийн суурь үйлчилгээг нэг доороос авч болохуйц байршилтай байрууд л энэ цаг үед хамгийн үнэтэй, ашигтайд тооцогдох болжээ. Энэ хэрэгцээ шаардлагаас үүдээд хотын төв дэх хуучны байруудын эрэлт урьд байгаагүйгээр нэмэгдэж, үнэ нь тэнгэрт хадаад байна.
Өнгөрөгч сарын байдлаар гэхэд нийслэлд шинэ орон сууцын үнэ 2023 оны мөн үеийнхээс 6.8, хуучных нь 14.1 хувиар өсөөд байв. Хуучин орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ энэ үед Сүхбаатарт 4.57, Чингэлтэйд 4.41 сая төгрөгт хүрсэн нь төвийн зургаан дүүргийн хэмжээнд дээд үзүүлэлт болсон. Гэтэл шинэ орон сууцын нэг ам метр талбайн дундаж үнэ 4.06 сая байсан бөгөөд Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.28, Хан-Уулд 4.12 сая төгрөгт хүрсэн юм. Хуучин орон сууцын дундаж үнэ Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул зэрэг хотын А зэрэглэлийн бүс, ашигтай байршилд тооцогддог газруудад эрс өндөр байгаа биз. Ялгаагүй төвийн бүсэд байршилтай байж хуучин, шинэ орон сууцын үнэ яагаад тэгтлээ зөрүүтэй байна гээч. Ерөөсөө л байршилтай нь холбоотой юм. Иргэд төвийн бүсэд ашиглалтад орж буй шинэ байруудыг хуучинтай нь харьцуулж, шинжиж, “жинлэж” үзээд өөрт аль ашигтай, ажил төрөл амжуулахад бэрхшээлгүй, аливаа үйлчилгээнд ойр байршилтайг нь л сонгох болж.
Жил бүрийн 8-10 дугаар сард байрны түрээсийн болон борлуулалтын ханш өсдөг зүй тогтолтой. Энэ нь хичээлийн шинэ жил дөхөж, хүйтэн сэрүүний улирал эхэлмэгц орон сууцын эрэлт нэмэгддэгтэй холбоотой. Одоогийн ханшийн өсөлтийг ч зарим нь үүнтэй холбож, түр хугацааны хөөсрөл, хөөрөгдөл гэж үзэж байгаа. Гэвч Үндэсний статистикийн хорооноос гаргасан, орон сууцтай холбоотой сүүлийн 4-5 сарын тоон үзүүлэлтийг харахад ч хуучин орон сууцын үнэ шинийнхээсээ илүү, өнгөрөгч оны мөн үеийнхээс эрс өссөн байна. Эндээс хуучин сууц зах зээлийнхээ хуулиар, нийгэмд үүссэн эрэлтээс шалтгаалан үнэд хүрч буйг харах боломжтой.
Хотын төвд хуучин байр сонирхож байгаа хоёр хүнтэй цахимаар холбогдож, байр суурийг нь сонирхлоо. Тэдний нэг нь “Юм юмандаа ойр байх нь гол шалгуур. Хоёрдугаарт, хуучны байрууд өнгө үзэмж талаасаа тиймхэн харагддаг ч илүү баталгаатай санагддаг. Гуравдугаарт, яваандаа дахин төлөвлөлтөд орж магадгүй учраас ашигтай, үнэ цэнээ алдахгүй гэж харж байгаа” гэсэн юм. Харин нөгөөх нь “Манайх бага насны хоёр хүүхэдтэй. Том нь ирэх жилээс сургуульд орно. Охиноо хотын төвийн гайгүй сургалттай сургуульд элсүүлэх бодолтой учраас төв рүү байр сонирхож байна. Байрны үнэ цаашид ч өсөх хандлагатай учраас цаг алдахгүй худалдаж авъя гэж шийдсэн” хэмээв.
Дээр дурдсантай ижил шалтгаанаар хотын төвд байр түрээслэн амьдардаг, эсвэл худалдан авахаар судалж буй хүн таны ойр орчимд нэг бус бий гэдэг нь эргэлзээгүй. Хүртээмжгүй нийтийн тээвэр, жилээс жилд улам ужгирч буй авто замын түгжрэлээс болж цаг хугацаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч, халширсан нийслэлчүүд хотынхоо төв рүү ийнхүү хошуурсаар. Энэ нь эцэстээ хотын төв хэсэгт түгжрэл, төвлөрөл гаарах бас нэг шалтгаан болж магадгүй нь. Уг нь манай төр засаг төвлөрлийг задлах, төвөөс гадагшаа чиглэсэн шилжилт хөдөлгөөн, урсгалыг эрчимжүүлэх бодлого баримталж байгаа. Даанч үүнийхээ дагуу дорвитой ажил хийхгүй, наанадаж л хотын төвд, Их, Бага тойруу орчимд шамбааралдсан худалдаа, үйлчилгээний газруудыг задлахгүй, хүртээмжийг нь сайжруулахгүй байсаар ийм нөхцөлд хүргэчихлээ. Ирээдүйд энэ байдал улам дордоно уу гэхээс дээрдэх нөхцөл харагдахгүй байна. Иргэд орон сууц сонгохдоо тээвэр, зам харилцаа, дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмж, аюулгүй байдал, гадаад орчин, үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэн зэрэг олон хүчин зүйлийг харгалздаг. Харин хотын төвд хуучин сууц худалдан авч буй иргэд “бүх үйлчилгээндээ ойр байх” гэдэг зарчмыг л гол шалгуур болгож байна гэлтэй.
2016 онд буюу одоогоос найман жилийн өмнө Улаанбаатарт хуучин орон сууцын нэг ам метрийнх нь дундаж үнэ 1.8 сая төгрөг байжээ. Харин одоо 3.87 сая төгрөг байна. Бараг 2.1 дахин өссөн гэсэн үг. Тухайн үед Сүхбаатар дүүрэгт хуучин байрны нэг ам метрийг 2.1-2.4 сая төгрөгөөр үнэлж байж. Харин одоо төвийн зургаан дүүрэг дотроо хамгийн алслагдмалд тооцогддог Сонгинохайрханд ч ийм үнээр хуучин сууц олж авахад бэрх болсон. Тус дүүрэгт хуучин сууцын нэг ам метрийнх нь дундаж үнэ 2.77 сая төгрөгөөс эхэлж байна. Харин хотын төв цэгт байрлах Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт хуучин сууц авахын тулд ам метрийг нь багадаа 4.57 сая төгрөгөөр тооцох шаардлагатай болж буй юм. Орон сууцын үнэ сүүлийн жилүүдэд хэрхэн өссөнийг, ялангуяа хотын төвийн дүүрэгт байрны ханш хэрхэн “цойлсон”-ыг эдгээр тооноос баримжаалж болно. Товчхондоо, хотын төв рүү хошуурагсад хуучин байрыг үнэд хүргэжээ.