Их, дээд сургуулийн хичээл эхлэхтэй зэрэгцэн оюутнуудад амьдрах байрны асуудал тулгардаг. Тэр тусмаа орон нутгаас ирэх оюутнуудын хувьд нийслэлд оршин суух газар олох нь толгойны өвчин болсоор удаж байна. Их, дээд сургуулиудын дотуур байрны хүрэлцээ харилцан адилгүй бөгөөд энэ жилийн оюутны байрны элсэлт, үнэ өртөг ямар байгаа талаар сурвалжиллаа.
МУИС оюутны зургаан дотуур байртай. Шинэ элсэгчид оюутны “Сиси” системд бүртгүүлэн, дотуур байранд оршин суух хүсэлт гаргана. Нэг өрөөнд хоёр болон дөрвөн оюутан амьдрах боломжтой. Дотуур байранд амьдрах хүсэлтийг энэ сарын 20-27-нд хүлээн авах аж. Жилийн төлбөр нь өрөөний сонголтоос шалтгаалан 690 мянгаас 1.7 сая төгрөг байна.
АШУҮИС оюутны дотуур байрны төлбөрийн мэдээллээ хараахан гаргаагүй гэнэ. Дотуур байранд амьдрах хүсэлтэй оюутнууд эрүүл мэндийн үзлэгт заавал хамрагдсан, эрүүл мэндийн даатгал төлсөн байх шаардлагатай аж. Тус сургуулийн нэг, хоёрдугаар дамжааны оюутны дотуур байрны бүртгэл өчигдөр эхэлжээ. Бүртгэлийн хугацаа 10 хоног үргэлжлэх бөгөөд оюутнууд ирэх 25-нд байрандаа орох гэнэ. Харин гурав болон түүнээс дээш дамжааны оюутнуудыг энэ сарын 20-27-нд бүртгэх юм байна.
МУБИС-ийн оюутны дотуур байрны 10 сарын төлбөр 655 мянган төгрөг. Тус сургуулийн харьяа “Оюутны өргөө” цогцолборт амьдрах бол жилд 994 500-1 228 500 төгрөг төлөх аж. Харин гадаад оюутны байр нь 1 432 000-2 864 400 төгрөгийн төлбөртэй байх нь. Харин бусад сургуулийн оюутан амьдрах байрны төлбөр 852 000-3 500 000 төгрөг бөгөөд хүсэлтийг дөрөв хоногийн дараа авч эхлэх ажээ.
ХААИС нийт 1000 гаруй оюутан хүлээн авах боломжтой, гурван дотуур байртай бөгөөд жилийн төлбөр нь дунджаар 800 мянган төгрөг юм байна. Харин СУИС-ийн дотуур байрны төлбөр өрөөнөөс хамаарч 650 000-850 000 төгрөг байх нь. ШУТИС-ийн дотуур байр нь жилийн 850 000 төгрөгийн төлбөртэй гэнэ.
Дотуур байрны орчин нөхцөлд хэр сэтгэл ханамжтай байдаг талаар оюутнуудаас тодрууллаа.
МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан Н.Мэнд-Амар “Нэгдүгээр курст элсэхэд дотуур байрны орчин нөхцөл их муу санагдсан. Харин одоо бол дасаад, хүн бүр өрөөндөө цэвэрхэн байхад л болно гэж боддог болсон. Дотоод болон гадаад орчныг нь сайжруулах хэрэгтэй. Бас дотуур байрны хүсэлт, баталгаажуулах хугацааг урагшлуулахгүй бол хичээл орохтой зэрэгцээд нүүх асуудал тулгардаг. Уг нь хичээл эхлэхээс өмнө дотуур байрандаа орчихвол зардал, чирэгдэлгүй амар” гэлээ.
СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн оюутан Д.Пагамдулам “Оюутнууд байнга аав, ээжээсээ мөнгө аваад байх хэцүү тул цагийн ажил хийх шаардлагатай. Харин манай дотуур байр 23.00 цагт хаалгаа барьдаг учраас ажил хийхэд бэрхшээлтэй байдаг” гэсэн юм.
ХААИС-ийн гуравдугаар курсийн оюутан Ш.Чимэдцэрэн “Оюутны байранд хоёр жил амьдарсан. Ариун цэврийн өрөө л бохир болохоос бусад нь дажгүй” гэв.
СУИС-ийн оюутан Ж.Үүрийнтуяа “Дотуур байранд оюутан бүр өрөө өрөөндөө бэлтгэл сургуулилалтаа хийгээд, энд тэнд дуу хөгжим цангинаад их гоё байдаг. Харин амьдрах орчин, ариун цэврийн өрөө, өрөөний тохижилтыг сайжруулж, орыг нь шинэчлэх хэрэгтэй” хэмээв.