НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын 80 дугаар чуулган Бангкок хотноо өнөөдөр эхэлж байна. Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх чуулганд “Ази, Номхон далайн бүс нутгийн тогтвортой хөгжилд цахим инновацыг ашиглах нь” сэдвийн хүрээнд үргэлжилнэ. Түүнчлэн, оролцогчид дижитал инновацийн өөрчлөлтийн чадавхийг бүрэн нээх боломжуудыг тодорхойлж, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг бэхжүүлэх арга замыг хэлэлцэх юм. Тогтвортой хөгжлийн сорилтуудыг даван туулахын тулд дижитал технологийг ашиглахад Ази, Номхон далайн бүс нутаг онцгой байр суурь эзэлдэг аж. Энэхүү бүс нутаг нь хиймэл оюун ухаан, дижитал санхүүжилт, GovTech, эд зүйлсийн интернет зэрэг анхдагч технологиор дэмжигдсэн дижитал инновацийн динамик төв гэдгээрээ хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд шаардагдах хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэхийн тулд цаашдын ур чадвар, дижитал инновацийг ашиглахын тулд дээрх бүс нутагт төлөвлөгөө гаргахаар ийнхүү төлөвлөж байна.
Комиссын 80 дугаар чуулганд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцох бөгөөд сайд Б.Батцэцэг чуулганы даргаар ажиллаж буй. Монгол Улс АНДЭЗНК-ын гишүүнээр 1961 онд элссэнээс хойш худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, статистик, ядуурлыг бууруулах, эрчим хүч, гамшгийн эрсдэлийг бууруулах, транзит тээвэр, худалдааг хөнгөвчлөх, далайд гарцгүй хөгжиж буй улсын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр тус комиссын гишүүн орнуудтай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.