Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, төслийн Удирдах зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн ЖАЙКА-ийн техникийн хамтын ажиллагааны “Монгол-Япон эмнэлгийн менежмент, эмнэлгийн мэргэжилтний сургалтын үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл” (цаашид “Монгол-Япон эмнэлгийн төсөл” гэх)-ийн ахлагч, мэргэжилтэн нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд төслийн явцын талаар төслийн ахлах зөвлөх Шимада Масааки, Үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга Або Хироши, Монгол-Японы эмнэлгийн захирал М.Адилсайхан нар мэдээлэл хийв. Төслийн 1-р шатанд Монгол-Японы эмнэлгийг 2019 онд ашиглалтад оруулж Монголын анхны их сургуулийн эмнэлэг болгосон. Японы Токүшима их сургууль, Эхимэ их сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд (ЖАЙКА-ийн гэрээний дагуу) Японы их сургуулийн эмнэлгүүдийн менежментийн тогтолцоо, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоог АШУҮИС-ийн харьяа эмнэлэг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. 2-р шатны энэхүү төсөл нь Монгол-Японы эмнэлгийн менежментийг сайжруулах, их сургуулийн эмнэлгийг сургалт - эрдэм шинжилгээ - эмчилгээ үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагааг бэхжүүлэх зорилгоор 2023 оны зургадугаар сараас хэрэгжиж эхэлсэн.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн Монгол Улсын анхдагч их сургуулийн эмнэлгийн хувьд Монгол-Японы эмнэлгийн үйл ажиллагаа, менежментийг тогтворжуулах, эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан нарт урьд өмнө байгаагүй хөдөлмөрийн шинэлэг орчныг бүрдүүлэх, чадавхыг иргэдийн сэтгэл ханамжид нийцүүлэн нэмэгдүүлэхэд энэхүү төсөл чухал үүрэг гүйцэтгэнэ гэв. Мөн Засгийн газар, БШУЯ-аас энэ эмнэлгийн нэгдсэн чиг үүрэгт багш нарт тусламж, үйлчилгээ үзүүлэх асуудлыг оруулахаар болсон ба үүргийг дэмжих хэрэгтэй талаар дурдав. Цаашид төслийг амжилттай хэрэгжүүлэхэд яам дэмжлэг үзүүлж, удирдлагаар хангаж ажиллана гэв.