Казахстаны Астана хотод пара жүдо бөхийн Азийн АШТ-ийг зохион байгуулахад манай улсаас Монголын пара жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, ОУХМ Б.Нарантуяа нарын удирдлагад таван тамирчин оролцлоо. Тэд 11 орны тамирчидтай өрсөлдсөн юм. Манай тамирчдаас эрэгтэйчүүдийн J1 ангиллын 90 кг-ын жинд Д.Ганбат алтан медаль хүртэж, тивийн аварга болов. Мөн эмэгтэйчүүдээс ДАШТ-ий мөнгөн медальт Л.Туруунаа тус ангиллын 70 кг-д түрүүлжээ. Тэрбээр өнгөрсөн жил Азербайжаны Бакуд болсон пара жүдо бөхийн ДАШТ-д удаалж байсан билээ.