“Ураныг уусган олборлох нь” сэдэвт сургалтыг Ашигт малтмал, газрын тосны газар, “Бадрах энержи” компаниас өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр ураны нунтаг олборлох аргууд, газар дор уусган баяжуулахтай холбоотой гидрогеологийн асуудал, уурхайн зохион байгуулалтын талаар мэргэжилтнүүд сургалт хийн, мэдээлэл өгөв. Монгол Улсад одоогоор 180 000 орчим тонн ураны нөөц бийг тогтоожээ. Энэ нь дэлхийд эхний аравт багтах үзүүлэлт юм байна. Эл нөөцийн хэмжээ жил ирэх бүр өсөж буй бөгөөд дэлхийд тэргүүлэх ч магадлалтай гэнэ. Ураны нунтаг олборлох гурван арга байдаг. Үүнд ил, далд олборлох болон газар дор уусган баяжуулах арга багтдаг аж. Эдгээрээс уусган баяжуулах арга нь олон улсад хамгийн өргөн тархсан, цацрагийн аюулгүй байдлыг хангахад илүү тохиромжтойг дээрх сургалтад оролцогчид онцоллоо. Манай улсад Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ураны нунтаг олборлож буй бөгөөд уусган баяжуулах арга ашигладгийг “Бадрах энержи” компаниас дурдав. Физикч Н.Тэгшбаяр “Эдийн засгийн ач холбогдол бүхий ураны нөөцтэй орон дэлхийд тун цөөн. Манайд уран байна гэдэг бол том давуу тал. Мөн цацрагийн аюулгүй байдлыг хангасан технологиор олборлон, эдийн засгийн эргэлтэд оруулахыг хичээж буйг дэмжих, экспортлохыг эрмэлзэхэд анхаарах учиртай” гэв.